Гэтлэл 4:1-18

Гэтлэл 4:1-18 АБ2013

Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв. Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд Тэр —Түүнийгээ газар хая гэж айлдав. Тэр таягаа газар хаяхад, таяг нь могой болсонд Мосе түүнээс зугтав. Харин ЭЗЭН, Мосед —Гараа сунган түүнийг сүүлнээс нь барь гэлээ. Тэрээр гараа сунган барихад могой гарт нь таяг болов. — Энэ нь тэдний эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав. Тэгээд ЭЗЭН цааш нь түүнд —Одоо гараа өвөртөө хий гэв. Тэр өвөртөө гараа хийгээд гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь цас шиг цагаарч уяман өвчтэй болсон байв. ЭЗЭН —Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд, өврөөсөө гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь бие махбод шиг нь эрүүл болсон байлаа. — Хэрвээ тэд чамд итгэхгүй, эхний тэмдгийн дуу хоолойг сонсохгүй бол дараагийн тэмдгийн дуу хоолойд итгэж болох юм. Харин тэд энэ хоёр тэмдэгт ч үл итгэж, үгийг чинь сонсохгүй бол чи Нилээс ус авч хуурай газарт асга. Нилээс чиний авсан ус хуурай газарт цус болно гэв. Мосе, ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам хойрго гэж хариулав. ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү? Тиймээс одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана гэв. Харин тэр —Өө Эзэн, Та өөр хэн нэгнийг явуулаач! гэв. Тэгтэл ЭЗЭНий уур хилэн Мосегийн эсрэг бадарч —Леви хүн Аарон гэдэг ах чамд байхгүй юу? Тэр хэл яриа сайтайг Би мэднэ. Үзэгтүн, тэр чамтай уулзахаар гарч ирж байна. Тэр чамайг хараад зүрхэндээ баярлах болно. Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана. Тэр чиний оронд ард түмэнтэй ярина. Тэр амыг чинь орлоно. Чи түүнд Бурхан шиг байна. Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав. Тэгээд Мосе тэндээс холдон, хадам эцэг Иетрогийнд буцаж очоод, түүнд —Би Египетэд байгаа ах дүү нар дээрээ буцаж очоод тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро, Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв.

Гэтлэл 4:1-18-д зориулсан видео