Гэтлэл 39:1-31

Гэтлэл 39:1-31 АБ2013

Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд ариун газарт үйлчлэхэд зориулан хөх, ягаан, час улаан даавуугаар сүлжмэл хувцас хийсэн бөгөөд Ааронд ч мөн ариун хувцас хийв. Тэгээд тэр алт болон хөх, ягаан, час улаан даавуу мөн нарийн нэхсэн маалингаар ефод хийв. Тэгээд хөх, ягаан, час улаан даавуу мөн нарийн нэхсэн маалингатай хамт сүлжиж уран хүний урлалыг хийхийн тулд тэд алтыг гөлөм болгож давтаад, нарийн утас зүсэж гаргав. Тэд ефодод холбогдох мөрөвчүүдийг хийсэн ба хоёр үзүүртэй нь холбожээ. Ефодын дээрх уран гоёмсог бүс нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгджээ. Тэд судалт гартаам чулуунуудыг засаж, алтан сууринд суулган, Израилийн хөвгүүдийн нэрсийг тамган сийлээсээр сийлэв. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр үүнийг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгож ефодын мөрөвчин дээр тогтоов. Тэрээр уран хүний урлал болох цээживчийг ефодыг урласны адилаар алт, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийв. Тэр нь дөрвөлжин цээживч бөгөөд давхарласан, урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм байв. Тэд түүн дээр дөрвөн эгнээ чулуу шигтгэв. Бадмаараг, молор, маргадтай эгнээ нь эхний эгнээ, хоёр дахь эгнээ нь оюу, индранил, очир алмаас, гурав дахь эгнээ нь нал, гартаам, ягаан болор, дөрөв дэх эгнээ нь биндэръяа, судалт гартаам, хаш бөгөөд эдгээрийг алтан хүрээтэй сууринд суулгажээ. Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байв. Тэд цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг урласан гинжүүд хийв. Тэд хоёр алтан суурь, хоёр алтан гархи хийгээд хоёр гархиа цээживчний хоёр үзүүрт холбов. Дараа нь тэд хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр гархинд холбов. Тэд оосрын хоёр үзүүрийг хоёр алтан сууринд холбож, ефодын урд талд мөрөвчтэй нь холбов. Тэд хоёр алтан гархи хийж, цээживчний хоёр үзүүрт, ефод уруу харсан дотоод ирмэгт нь хадав. Дараа нь тэд хоёр алтан гархи хийж, ефодын урд доод талд, мөрөвчнийх нь залгаасны ойролцоо, ефодын уран гоёмсог бүсний дээд талд хадлаа. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд цээживчний гархинуудыг ефодын гархинуудтай хөх оосроор холбов. Ингэснээр цээживч нь ефодын уран гоёмсог бүсний дээр байж, ефодоос салахгүй болов. Дараа нь тэр ефодын нөмрөгийг бүхэлд нь хөх өнгөөр нэхэв. Нөмрөгийн оройн хэсгийн голд амсар гаргаж, сэмрүүлэхгүйн тулд хөө хуягны амсар шиг тойруулан нэхмэл урлалаар захлав. Тэд нөмрөгийн хормойд хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар анарууд хийв. Тэд бас шижир алтаар хонхнууд хийж, хонхнуудыг анаруудын завсраар, нөмрөгийн хормойг тойруулан хадав. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор үйлчлэлд зориулсан нөмрөгийн хормойг тойруулан хонх ба анар, хонх ба анар зэргээр сөөлжүүлэн хийв. Тэд Аарон болон хөвгүүдэд нь нарийн нэхсэн маалингаар дотуур дээл нэхэн урлаж, нарийн нэхсэн маалингаар толгойн ороолт, толгойд өмсдөг толгойн боолтууд мөн нарийн сүлжсэн маалинган дотуур өмд, нэхмэлчний урлал болох хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган бүс зэргийг Мосед ЭЗЭНий тушаасны дагуу хийлээ. Тэгээд тэд шижир алтаар ариун титмийн пайзыг хийж, түүн дээр тамган сийлээсээр “ЭЗЭНд ариун” гэсэн бичээс сийлэв. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд үүнийг толгойн ороолтны урд талд хөх уяагаар бэхлэв.

Гэтлэл 39:1-31-д зориулсан видео