Гэтлэл 37

37
Гэрээний авдар
(Гэт 25:10–22)
1Безалел хуайс модоор авдар хийсэн бөгөөд урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой хагас байв. 2Тэр түүнийг дотор гаднагүй шижир алтаар бүрээд, түүнийг тойруулан алтан эмжээр хийжээ. 3Тэрээр үүнд зориулж дөрвөн алтан гархи цутгаад, авдрын дөрвөн хөл дээр байрлуулав. Нэг талд нь хоёр гархи, нөгөө талд нь хоёр гархи байлаа. 4Тэгээд хуайс модоор дамнуургууд хийж, алтаар бүрэв. 5Авдрыг зөөхийн тулд авдрын хажуу талын гархинуудад дамнуургуудыг шургуулав.
6Тэрээр эвлэрүүлгийн тагийг шижир алтаар хийсэн бөгөөд урт нь хоёр тохой хагас, өргөн нь нэг тохой хагас ажээ. 7Тэрээр давтсан алтан хоёр херубыг хийлээ. Тэдгээрийг эвлэрүүлгийн тагны хоёр өнцөгт хийв. 8Нэг херубыг нэг өнцөгт, нөгөө херубыг нөгөө өнцөгт буюу херубуудыг хоёр өнцөгт эвлэрүүлгийн тагтайгаа нэгэн цул байхаар хийв. 9Херубууд далавчаа дээгүүр дэлгэсэн бөгөөд эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байв. Тэд өөд өөдөөсөө харсан агаад херубуудын нүүр нь эвлэрүүлгийн таг уруу харсан байв.
Тавиг талхны ширээ
(Гэт 25:23–30)
10Тэгээд тэр хуайс модоор хоёр тохой урттай нэг тохой өргөнтэй, нэг тохой хагас өндөртэй ширээ хийв. 11Тэрээр түүнийг шижир алтаар бүрж, тойруулан алтан эмжээр хийжээ. 12Мөн ширээг тойруулаад алганы энгээр хөвөө хийж хөвөөг нь тойруулан алтаар эмжив. 13Тэр түүнд дөрвөн алтан гархи цутгаад, тэднийг дөрвөн хөлийнх нь дөрвөн өнцөгт байрлууллаа. 14Гархинууд нь ширээг зөөх дамнуургуудын тогтоогч болж хөвөөнд ойр байрлажээ. 15Тэрээр ширээг зөөх дамнуургуудыг хуайс модоор хийж, алтаар бүрэв. 16Ширээн дээрх шижир алтан хэрэгслүүд буюу утлагад зориулсан таваг, хундага, ундаан өргөлд зориулсан хул аяга, ваар сав мэтийг тэрээр шижир алтаар хийжээ.
Дэнлүүний алтан суурь
(Гэт 25:31–40)
17Тэгээд тэрээр давтсан шижир алтаар дэнлүүний суурь хийв. Дэнлүүний суурь ба ишийг давтаж хийсэн бөгөөд үүний хундага, болцуу ба цэцгүүд нь үүнтэйгээ нэгэн цул байв. 18Дэнлүүний суурийн хажуугаас нь зургаан салаа гарсан бөгөөд нэг хажуугаас нь гурван салаа, нөгөө хажуугаас нь гурван салаа гарсан байв. 19Нэг салаанд гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байсан ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байв. Нөгөө салаанд ч гүйлсийн цэцгийн хэлбэртэй гурван хундага байсан ба тусбүрдээ болцуу ба дэлбээтэй байв. Дэнлүүний суурийн зургаан салаа бүгд ийм байв. 20Дэнлүүний сууринд мөн гүйлсийн цэцгийн хэлбэртэй дөрвөн хундага байсан бөгөөд тусбүрийг болцуу ба дэлбээтэй хийжээ. 21Дэнлүүнээс гарсан зургаан салааны хувьд үүний эхний хос салааны доор нэг болцуу, дараагийн хос салааны доор нэг болцуу, гурав дахь хос салааны доор нэг болцуу байв. 22Болцуу ба салаанууд нь дэнлүүний суурьтайгаа нэгэн цул бөгөөд бүхэлдээ шижир алтаар давтаж хийгдсэн нэг бүтээл байжээ. 23Тэрээр долоон дэнлүүг үүний хямсаа ба тавиуруудтай нь шижир алтаар хийв. 24Дэнлүүний суурийг бүх хэрэгслийнх нь хамт тэрээр нэг талант шижир алтаар хийв.
Утлагат тахилын ширээ
(Гэт 30:1–5)
25Тэгээд тэр хуайс модоор утлагат тахилын ширээг хийсэн ба урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой бөгөөд дөрвөлжин, өндөр нь хоёр тохой мөн эврүүд нь түүнтэй нэгэн цул байв. 26Тэрээр үүний оройг нь, бүх хажуу талыг нь тойруулан мөн эврүүдийг нь шижир алтаар бүрэв. Мөн ширээг тойруулан алтан эмжээр хийв. 27Мөн эмжээрийнх нь доор, хоёр эсрэг хажуу дээр нь хоёр алтан гархийг хийжээ. Энэ нь тахилын ширээг зөөх дамнуургуудыг тогтоогч болов. 28Тэрээр хуайс модоор дамнуургуудыг хийж, алтаар бүрэв.
Ариун тос
(Гэт 30:22–38)
29Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээл болох цэвэр утлагыг анхилуун үнэртнээр хийв.#Гэт 30:22–38

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 37: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү