Гэтлэл 35

35
Амралтын өдрийн журам
1Дараа нь Мосе, Израилийн хөвгүүдийн даяар хотол түмнийг хуралдуулан, тэдэнд
—ЭЗЭН та нарт эдгээр зүйлийг хий гэж тушаасан. 2Зургаан өдөр ажил хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр ажил хийдэг хэн боловч үхэх ёстой.#Гэт 20:8–11, 23:12, 31:15, 34:21; Лев 23:3; Дх 5:12–14 3Амралтын өдөр та нар гэр орондоо гал асааж болохгүй гэв.
Асар барих бэлтгэл
(Гэт 25:1–9; 39:32–43)
4Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин
—ЭЗЭН энэ зүйлийг тушаан айлдахдаа 5“Дундаасаа ЭЗЭНд хандив ав. Өгөхийг зүрхнээсээ хүссэн хүн бүр ЭЗЭНд хандив авчраг. Тэдгээр нь алт, мөнгө, хүрэл, 6хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, 7улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, 8гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан үнэртэн, 9судалт гартаам чулуунууд мөн ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой. 10Та нарын дундаас ур авьяаст хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй. 11Үүнд: асар ба майхан нь мөн үүний бүтээлэг, дэгээ, дүнз, хөндөл, багана болон углуурууд нь, 12авдар ба үүний дамнуургууд мөн эвлэрүүлгийн таг, дэлгэцийн хөшиг, 13ширээ ба дамнуургууд нь, үүний бүх хэрэгсэл, тавиг талх 14мөн гэрэлтүүлгэд зориулсан дэнлүүний суурь ба хэрэгсэл нь, дэнлүүнүүд ба гэрэлтүүлгийн тос 15мөн утлагат тахилын ширээ ба үүний дамнуургууд, тослох тос, анхилуун утлага болон асрын үүдний дэлгэц 16мөн шатаалт тахилын ширээ хүрэл тортойгоо, үүний дамнуурга ба бүх хэрэгсэл нь, угаагуур ба үүний суурь, 17хашааны хөшигнүүд ба үүний багана, углуурууд мөн хашааны хаалганы дэлгэц, 18асрын гадас ба хашааны гадаснууд ба тэдгээрийн оосрууд, 19ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилчийн албанд үйлчлэлд зориулж тахилч Ааронд болон хөвгүүдэд нь ариун хувцаснууд байна” гэв гэжээ.
Асарт зориулсан өргөл
20Тэгээд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосегийн өмнөөс холдоцгоов. 21Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сэтгэлээсээ хүссэн бүхэн ирж, уулзалтын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандив авчрав. 22Өгөх сэтгэлтэй эрэгтэй, эмэгтэй хэн боловч бүгд ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлээ буюу хүн бүр ЭЗЭНд алтаар даллан өргөх даллах өргөлөө авчрав. 23Түүнчлэн хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон авчрав. 24Мөнгө, хүрлээр хандив өргөх хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой хүн бүр авчрав. 25Үйлэнд уран эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо буюу хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг авчрав. 26Зүрх нь мэргэн ухаанаар хөдөлсөн эмэгтэй бүхэн ямааны хялгасыг ээрэв. 27Бүх удирдагч судалт гартаам чулуу мөн ефод болон цээживчинд суулгах чулуунууд, 28гэрэлтүүлэгд зориулан тосыг мөн тослох тосонд болон анхилуун утлагад зориулан үнэртнийг авчрав. 29ЭЗЭНээс хийгтүн гэж Мосегоор дамжуулан тушаасан бүх төрлийн ажилд зориулан зүрхэндээ хөтлөгдсөн Израилийн хөвгүүд болох эрэгтэй мөн эмэгтэй бүхэн ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.
Безалел Охолиаб хоёр
(Гэт 31:1–11)
30Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд
—Үзэгтүн, Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг ЭЗЭН нэрээр нь дуудав. 31Тэр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь 32уран хийцтэй зүйлсийг сэдэж, алт, мөнгө, хүрлээр урлан, 33суулгах чулуунуудыг засаж, мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд юм. 34Тэрээр заах чадварыг түүнд болон Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын зүрхэнд ч бас өгчээ. 35Сийлбэр, урлал, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган дээрх хатгамал, нэхмэл зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, уран хийцийг сэддэг аливаа ажлыг хийх зүрхний мэргэн ухаанаар ЭЗЭН тэднийг дүүргэв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 35: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү