Гэтлэл 30:22-33

Гэтлэл 30:22-33 АБ2013

ЭЗЭН цааш нь Мосед айлдан — Чи өөртөө дараах хамгийн сайн үнэртнүүдийг авагтун. Үүнд: шингэн мирр таван зуун шекел, анхилуун шанц түүнээс хоёр дахин багыг буюу хоёр зуун тавин шекел, анхилуун нишинг хоёр зуун тавин шекел, касси таван зуун шекел байх ба бүгд ариун газрын шекелийн дагуу байна. Мөн чидун тос нэг хин байг. Эдгээрээр чи сүрчиг найруулагчдын бүтээл болох сүрчигний хольц буюу ариун тослох тосыг хийгтүн. Энэ нь ариун тослох тос болно. Үүгээр чи уулзалтын майхан хийгээд гэрчлэлийн авдрыг тосол. Мөн ширээ болон бүх хэрэгслийг нь, дэнлүүний суурь болон хэрэгслийг нь, утлагат тахилын ширээ, шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь, угаалгын сав болон суурийг нь тослогтун. Эдгээрийг ариунаас ариун болгохын тулд чи тэднийг ариусга. Тэдэнд хүрсэн юм бүхэн ариун болно. Аарон ба хөвгүүд нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэднийг томилон тосолж, ариусгагтун. Чи Израилийн хөвгүүдтэй ярин ийн хэл. “Энэ нь бүхий л үед чинь Надад зориулагдсан ариун тосолгооны тос болно. Үүнийг хүний бие дээр асгаж болохгүй. Үүнтэй ижил найрлагатай зүйлийг бүү хий. Энэ нь ариун бөгөөд та нарт ч ариун байх ёстой. Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.

Video for Гэтлэл 30:22-33