Гэтлэл 3:1-17
Гэтлэл 3:1-17 АБ2013
Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ. ЭЗЭНий тэнгэрэлч өргөст бутан дундаас галын дөлөн дунд түүнд үзэгдэв. Харагтун, бутанд гал дүрэлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мосе харлаа. Тэгээд Мосе —Бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигт үзэгдлийг очиж харъя байз гэлээ. Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв. Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав. Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув. ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ. Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ. Тэгээд одоо, харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Миний өмнө ирэв. Түүнчлэн тэднийг дарангуйлж байгаа египетчүүдийн дарангуйллыг ч Би харлаа. Тиймээс одоо явагтун, Би чамайг Фараон уруу илгээж, чамаар Өөрийн ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс авчруулъя гэв. Гэвч Мосе, Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлэв. Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав. Тэгэхэд Мосе, Бурханд —Хараач, би Израилийн хөвгүүд дээр очиж, тэдэнд “Эцэг өвгөдийн чинь Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв. Бурхан, Мосед —Би бол «Би байгаа» юм гэв. Тэгээд Тэр —Израилийн хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэв. Цааш нь Бурхан, Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм. Явж, Израилийн ахмадуудыг хамтад нь цуглуулан “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахам, Исаак, Иаковын Бурхан ЭЗЭН надад үзэгдэн «Би та нарыг үнэхээр анхаарч, Египетэд та нарт юу тохиолдсоныг харав. Тиймээс та нарыг Египетийн зовлон зүдүүрээс гаргаж сүү бал урссан нутаг болох канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутагт аваачна гэж Би амлав» хэмээсэн” гэж хэл.