Гэтлэл 28:1-29

Гэтлэл 28:1-29 АБ2013

Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун. Ах Аароныхаа алдар, сүр жавхланд зориулан ариун хувцас хий. Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд Аароныг ариусгахаар түүнд хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн ур авьяаст хүн бүхэнд хэлэгтүн. Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, толгойн ороолт, бүс болно. Аарон нь Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүдэд нь ариун хувцас хийг. Тэд алт ба хөх ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг. Тэгээд алт, хөх ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар уран хүний урлал болох ефод хийг. Холбогдсон байхын тулд хоёр үзүүртэй нь холбоотой хоёр мөрөвч байх ёстой. Ефодын дээрх уран гоёмсог бүс нь алт, хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингаар ефодтой ижил хийгдсэн байх ёстой. Чи хоёр судалт гартаам чулууг авч, дээр нь Израилийн хөвгүүдийн нэрсийг сийлэгтүн. Тэдний төрсөн дарааллаар нэг чулуун дээр зургаан нэр, нөгөө чулуун дээр үлдсэн зургаан нэр байна. Үнэт чулуу засагчийн урлалаар чи Израилийн хөвгүүдийн нэрсийг хоёр чулуунд тамган сийлээсээр сийлэн, алтан сууринд суулгагтун. Чи хоёр чулууг Израилийн хөвгүүдийн төлөөх дурсгалын чулуу болгон ефодын мөрөвч дээр тогтоох бөгөөд Аарон тэдний нэрсийг ЭЗЭНий өмнө хоёр мөрөн дээрээ дурсгал болгон тээнэ. Чи алтан суурь хий. Мөн шижир алтан хоёр гинжийг сүлжмэл олс шиг урлан хийж, суурин дээр тогтоо. Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг урласны адилаар хий. Чи алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үүнийг үйлдэгтүн. Тэр нь дөрвөлжин, давхарласан бөгөөд урт нь нэг сөөм, өргөн нь нэг сөөм байна. Түүний дээр чи дөрвөн эгнээ чулуу шигтгэ. Бадмаараг, молор, маргадтай эгнээ нь эхний эгнээ, хоёр дахь эгнээ нь оюу, индранил, очир алмаас, гурав дахь эгнээ нь нал, гартаам, ягаан болор, дөрөв дэх эгнээ нь биндэръяа, судалт гартаам, хаш байна. Эдгээрийг алтан хүрээнд нь суулгах ёстой. Чулуунууд нь Израилийн хөвгүүдийн нэрсийн дагуу, арван хоёр нэрс бүхий байх бөгөөд тусбүр дээр нь арван хоёр овгийн нэрсийг нэг нэгээр нь тамган сийлээсээр сийлсэн байх ёстой. Чи цээживчин дээр шижир алтаар сүлжмэл олс шиг урласан гинжүүд хий. Цээживчин дээр хоёр алтан гархи хийж, хоёр алтан гархиа цээживчний хоёр үзүүрт холбогтун. Хоёр алтан оосрыг цээживчний үзүүрүүдэд байх хоёр гархинд холбо. Хоёр оосрын хоёр үзүүрийг хоёр алтан сууринд холбож, ефодын урд талд мөрөвчтэй нь холбо. Чи хоёр алтан гархи хийж, цээживчний хоёр үзүүрт, ефод уруу харсан дотоод ирмэгт нь хад. Чи мөн хоёр алтан гархи хийж, ефодын урд доод талд, мөрөвчнийх нь залгаасны ойролцоо, ефодын уран гоёмсог бүсний дээд талд хад. Тэд цээживчний гархинуудыг ефодын гархинуудтай хөх оосроор холбог. Ингэснээр цээживч нь ефодын уран гоёмсог бүсний дээр байж, ефодоос салахгүй юм. Аарон ариун газарт орохдоо ЭЗЭНий өмнө байнга дурсгал болгон Израилийн хөвгүүдийн нэрсийг шүүхийн цээживчинд зүрхэн тушаа авч явна.

Гэтлэл 28:1-29-д зориулсан видео