Гэтлэл 21
21
Эзэн боолын хууль
(Дх 15:12–18)
1Чиний тэдэнд өгөх шийдвэрүүд энэ юм. 2Хэрэв чи еврей боол худалдан авбал тэр зургаан жил зарцлагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэрээр төлөөсгүйгээр чөлөөлөгдөнө.#Лев 25:39–46 3Тэр ганцаараа ирвэл ганцаараа явах ёстой. Хэрэв тэр эхнэртэй бол эхнэр нь түүнтэй хамт явна. 4Хэрэв эзэн нь түүнд эхнэр өгч, эхнэр нь түүнд хөвгүүд, охидыг төрүүлбэл эхнэр хүүхдүүд нь эзний харьяат тул тэр ганцаараа явах ёстой. 5Гэвч хэрэв боол «Би эзэндээ болон эхнэр хүүхдүүддээ хайртай. Би чөлөөлөгдөж явахгүй» гэж үнэхээр хэлбэл 6эзэн нь түүний хүсэлтийг Бурханы өмнө авчран хаалга буюу хатавчны хажууд зогсоон эзэн нь түүний чихийг шөвгөөр цоолж, тэр насан турш эзэндээ үйлчлэх ёстой. 7Хэрэв хүн охиноо шивэгчин болгон худалдвал тэр нь эрэгтэй боол шиг чөлөөлөгдөх эрхгүй. 8Хэрвээ эзэн нь түүнийг өөртөө зориулан сонгож авсан боловч тэрээр эзнийхээ нүдэнд таалагдахгүй бол эзэн нь түүнийг чөлөөлж явуулах ёстой. Эзэн нь түүнд нэгэнт шударга бус хандсан тул түүнийг харь хүмүүст худалдах эрхгүй. 9Хэрэв түүнийг хүүдээ зориулж сонгон авбал түүнтэй охины ёсоор харьцах ёстой. 10Тэр өөртөө өөр эхнэр авсан ч анхны эхнэр нь хоол, хувцас гэхчлэн гэр бүлийн харилцаанаас хасагдах ёсгүй. 11Хэрэв энэ гурван зүйлийг тэр биелүүлэхгүй бол анхны эхнэр нь ямар ч өр шир, төлөөс мөнгөгүйгээр чөлөөлөгдөнө.
Амь биеийн хууль
12Хүн цохиод тэр нь үхвэл цохисон нь алуулах ёстой.#Лев 24:17 13Хэрэв тэр нөгөө хүнийг отоогүй, харин Бурхан түүний гарт цаад хүнийг унагасан бол түүний зугтаах газрыг Би та нарт тогтоож өгнө.#Тоо 35:10–34; Дх 19:1–13; Иош 20:1–9 14Хэрэв хүн хөршөө алахаар төлөвлөж, санаатайгаар түүний эсрэг үйлдвэл тэр хүнийг үхүүлэхийн тулд Миний тахилын ширээнээс салгаж ав. 15Хэн эцэг эхээ цохино тэр заавал алуулах ёстой. 16Хэн хүн хулгайлна тэр түүнийгээ зарсан ч бай эсвэл хулгайлагдсан хүн нь хулгайчийн эзэмшлээс олдсон ч бай, заавал алуулах ёстой.#Дх 24:7 17Хэн эцэг эхээ хараана тэр заавал алуулах ёстой.#Лев 20:9; Мт 15:4; Мк 7:10 18Хэрэв хүмүүс хэрэлдээд нэг нь нөгөөгөө чулуу эсвэл нударгаараа цохиж, нөгөө нь үхэлгүй харин хэвтэрт ороод, 19дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний хэвтэрт алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна. 20Хэрэв хүн боолоо эсвэл шивэгчнээ саваагаар цохиж, тэр боол гарт нь үхвэл эзэн нь шийтгүүлэх ёстой. 21Харин хэрвээ боол нь нэг, хоёр өдөр амьд байвал ямар ч өшөө авах ёсгүй. Учир нь тэр эзний өмч мөн. 22Хэрвээ хүмүүс хоорондоо зодолдож байгаад жирэмсэн эмэгтэйг цохиход хүүхэд нь зулбасан хэдий ч биед нь ямар ч гэмтэл байхгүй болбоос цохисон хүнийг мөнөөх эмэгтэйн нөхрийн шаардсанаар торгож, шүүгчдийн шийдсэнээр төлбөр төлүүлнэ. 23Харин өөр ямар нэгэн гэмтэл учирсан бол амийг амиар, 24нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр,#Лев 24:19–20; Дх 19:21; Мт 5:38 25түлэгдэлтийг түлэгдэлтээр, шархыг шархаар, бэртэнгийг бэртэнгээр төлнө. 26Хэрэв хүн боолоо эсвэл шивэгчнийхээ нүдийг цохиж гэмтээх аваас нүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой. 27Мөн хэрэв боол эсвэл шивэгчнийхээ шүдийг булга цохивоос шүднийх нь оронд түүнийг чөлөөлөх ёстой.
Өмчийн хууль
28Хэрэв эрэгтэй юмуу эмэгтэй хүнийг үхэр мөргөж албал уг үхэр уруу чулуу чулуудаж ал. Махыг нь идэж болохгүй. Харин үхрийн эзэн шийтгэлгүй. 29Гэвч үхэр урьд нь мөргөдөг байсан бөгөөд эзэнд нь сануулж байсан боловч үхрээ хашиж хориогүйгээс болж эрэгтэй эсвэл эмэгтэй хүн мөргүүлж үхвээс уг үхрийг чулуудан хороож бас эзнийг нь ч алах ёстой. 30Хэрэв түүнд мөнгөн төлөөс ногдуулбаас тэр амиа аврахад ногдсон төлөөсийг хэд ч бай төлнө. 31Үхэр нь эрэгтэй юмуу эмэгтэй хүүхдийг мөргөвөөс энэ шийдвэр ёсоор үйлдэнэ. 32Хэрэв боол эсвэл шивэгчнийг үхэр мөргөвөл үхрийн эзэн боолын эзэнд гучин шекел мөнгө төлнө. Харин үхрийг чулуудан алах ёстой. 33Хэрэв хүн нүхийг онгорхой орхисон эсвэл нүх ухаад буцааж дараагүйгээс болж үхэр эсвэл илжиг нүхэнд нь унах аваас 34нүхний эзэн нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр малын эзэнд мөнгө өгөх бөгөөд үхсэн мал түүнийх болно. 35Хэрэв нэг хүний үхэр бусдын үхрийг мөргөж албаас тэд амьд үхрийг худалдаж, мөнгийг нь хувааж авах бөгөөд бас үхсэн үхрийг ч хувааж авах ёстой. 36Хэрэв уг үхэр урьд нь мөргөдөг байсан нь мэдэгдсэн бөгөөд эзэн нь үхрээ хашиж хориогүй бол тэрээр үхрийг нь амьд үхрээр төлж цайруулан харин үхсэн үхрийг өөртөө авна.
Одоогоор Сонгогдсон:
Гэтлэл 21: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.