Гэтлэл 15:1-21

Гэтлэл 15:1-21 АБ2013

Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ. —ЭЗЭНдээ дуулнам би. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаяж Үлэмж өргөмжлөлийг Өөртөө Тэр авчээ. Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь Миний аврал болсон билээ, Та. Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би. Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би. ЭЗЭН бол дайчин, Түүний нэр ЭЗЭН билээ. Фараоны зэвсэгт тэргийг цэрэгтэй нь далайд хаягч нь Тэр билээ. Шилдэг дарга нар нь бас Улаан тэнгист живсэн юм. Их ус тэднийг бүрхсэн юм. Гүн уруу тэд чулуу мэт живэн одсон юм. Аяа, ЭЗЭН, баруун мутар тань юутай хүчтэй. Аяа, ЭЗЭН, баруун мутар тань дайсныг нам даржээ. Агуу их сүр жавхлан тань тэрслэгчдийг дарав. Асгарах хилэнгийн тань цогонд тэд сүрэл мэт шатав. Хамрын тань амьсгал усыг бөөгнөрүүлж, Овоо мэт болсон давалгаа урсахаа умартан, Оёоргүй гүн далайд өтгөрөв. “Хөөж бариад, олзоо хуваая. Хүсэл бахаа тэднээр хангая. Сэлэм юугаа сугалъя, сөнөг тэд бидний гарт” гэж дайсан сайрхахад Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв. Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ? Баруун мутраа Та сунгасанд газар тэднийг залгив. Бат хайр тань биднийгээ авран хөтлөв. Хүч чадал тань биднийгээ ариун гэрт тань авч ирэв. Донсолж байна, сонссон ард түмнүүд, Айж байна, филистчүүд. Едомын тэргүүлэгчид түгшиж Моабын удирдагчдыг дагжил нөмөрч Канааны суугч бүгд мохож байна. Айдас хүйдэс, аймшигт цочрол тэднийг нөмөрчээ. Аяа, ЭЗЭН, ард түмэн тань дайран өнгөртөл Зольсон ард түмэн тань дайран өнгөртөл Таны мутрын агуу хүч тэднийг чулуу мэт чимээгүй байлгана. Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина. Аяа, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Аяа, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ. ЭЗЭН үүрд мөнх хаанчилна. Фараоны морь, тэрэгт цэрэг ба морин цэргүүд нь далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар гарав. Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад эмэгтэйчүүд бүгд түүнийг даган хэнгэрэг авч бүжиглэв. Мириам тэдэнд дуулан —ЭЗЭНд дуулъя! Тэр өндөрт өргөмжлөгдлөө. Хүлэг морийг унаачтай нь далайд Тэр хаялаа гэв.

Video for Гэтлэл 15:1-21