Гэтлэл 14:1-31

Гэтлэл 14:1-31 АБ2013

ЭЗЭН Мосед айлдан — Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд далайн эрэгт буудалла. Фараон, Израилийн хөвгүүдийг “Тэд нутаг төөрч, цөлд мухардсан” гэж бодно. Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв. Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний түшмэдийн зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд —Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв. Фараон тэрэгт цэргээ бэлтгэж, хүмүүсээ авав. Зургаан зуун шилдэг тэрэгт цэрэг болон Египетийн бүх тэрэгт цэргийг тусбүрийнх нь даргатай хамт тэр авав. ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа. Египетчүүд буюу Фараоны бүх морьд, тэрэгт цэрэг, морьтонгууд, нийт цэрэг нь израильчуудыг хөөв. Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэж ирэв. Фараоныг ойртон ирэх үед египетчүүд хойноос нь хөөн ирж явааг Израилийн хөвгүүд харлаа. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭНд хандан хашхирцгаав. Тэд Мосед —Египетэд оршуулгын газар байхгүй болоод та биднийг цөлд үхүүлэхээр авчираа юу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ? Бид Египетэд “Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя” гэж танд тэр үед хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв. Мосе ард түмэнд —Бүү ай! Бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай! гэж хэлэв. ЭЗЭН, Мосед —Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. Харин Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэрэг, түүний тэрэгт цэрэг болон морин цэргүүдээр дамжин алдарших болно. Би, Фараон болон түүний тэрэгт цэрэг, түүний морин цэргүүдээр дамжин алдаршихад Намайг ЭЗЭН гэдгийг египетчүүд мэдэх болно гэж айлдав. Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэрэлч хөдөлж, тэдний ард очлоо. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард зогсов. Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй. Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав. Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгт цэрэг ба морин цэргүүд тэдний араас далай уруу оров. Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргийг үзээд, тэднийг самууралд оруулав. Тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд —Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв. ЭЗЭН, Мосед —Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгт цэрэг, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв. Мосе далай дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН, египетчүүдийг далайн дунд живүүлэв. Ус буцан ирж, тэрэгт цэрэг ба морин цэргүүд буюу израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд тэднээс нэг нь ч үлдсэнгүй. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израиль харав. Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн ЭЗЭН хийгээд Түүний зарц Мосед итгэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна