Гэтлэл 10:1-29

Гэтлэл 10:1-29 АБ2013

ЭЗЭН, Мосед —Фараонд оч. Учир нь Би түүний зүрх болон түшмэдийнх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би эдгээр тэмдгээ тэдний дунд тавьж, мөн Би египетчүүдийг хэрхэн элэг доог болгосныг бас тэдний дунд үйлдсэн тэмдгүүдийг минь та нар үр хүүхэд ач нарынхаа чихэнд сонордуулна. Ингэснээр та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ. Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би маргааш нутаг дэвсгэрт чинь царцаа оруулна. Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа бүх модыг чинь иднэ. Тэд чиний гэрүүд, бүх албатын чинь гэр, хамаг египетчүүдийн гэрийг дүүргэнэ. Энэ нь чиний эцэг мөн эцэг өвгөд чинь энэ газар амьдарсан өдрөөс өнөөг хүртэл үзэгдээгүй зүйл болно” гэж айлдаж байна гэв. Мосе эргэж Фараоныхаас гарлаа. Фараоны албат нар нь түүнд —Энэ хүн хэр удаан бидэнд урхи болох юм бэ? Хүмүүсийг нь явуулаач! Тэд Бурхан ЭЗЭНдээ үйлчлэг. Египет сүйрсэн болохыг та мэдэхгүй байна гэж үү? гэв. Мосе Аарон нарыг Фараонд буцаан авчирсанд тэр тэдэнд —Явцгаа, Бурхан ЭЗЭНдээ үйлчил! Хэн хэн явах вэ? гэхэд Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас багачууд ба хөгшидтэйгөө, хөвгүүд ба охидтойгоо мөн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв. Фараон тэдэнд —Би та нарыг багачуудтай чинь хамт явуулбал ЭЗЭН та нартай хамт байгаа болог! Та нар муу санаатайгаа хараач! Тэгэхгүй шүү! Хүссэн ёсоороо та нарын эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв. ЭЗЭН, Мосед —Гараа Египетийн газар дээгүүр сунгаж, Египетийн нутагт царцаанууд оруулж, мөндрөөс үлдсэн бүхнийг, тариалангийн бүх ургамлыг идүүл гэж айлдав. Мосе Египетийн газар дээгүүр таягаа өргөхөд ЭЗЭН дорнын салхийг өдөржин, шөнөжин уг нутаг уруу салхилуулав. Өглөө болоход дорнын салхи царцаануудыг авчирсан байв. Царцаанууд Египетийн бүх газарт орж, Египетийн бүх нутаг дэвсгэрт үй олноороо тархав. Урьд өмнө хэзээ ч байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй тийм их царцаа байв. Газрыг харанхуйлтал тэд бүх л газрын гадаргууг бүрхэв. Мөндрөөс үлдсэн тариалангийн аливаа ургамал, модны бүх жимсийг тэд иджээ. Египетийн бүх газар даяар мод болон тариалангийн талбайн ургамалд ногоон юм юу ч үлдсэнгүй. Мосе Аарон нарыг Фараон яаравчлан дуудаад —Би Бурхан ЭЗЭНий чинь болон та нарын эсрэг нүгэл үйлдлээ! Тиймээс зөвхөн энэ удаа миний нүглийг уучилж, надаас зөвхөн энэ үхлийг зайлуулахын тулд Бурхан ЭЗЭНээсээ гуйж өгөөч гэв. Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв. ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн нутаг даяар нэг ч царцаа үлдсэнгүй. Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй. ЭЗЭН, Мосед —Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав. Мосе гараа тэнгэр өөд сунгахад Египетийн бүх нутагт гурван өдрийн турш түнэр харанхуй болов. Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн хамаг хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв. Фараон, Мосег дуудаж —Яв, ЭЗЭНд үйлчил! Харин хонь ба үхэр сүрэг чинь үлдэг! Хүүхдүүд чинь ч та нартай хамт яваг гэж хэлэв. Мосе —Бид ЭЗЭН Бурхандаа тахил өргөх учраас та нядлах тахил ба шатаалт тахилыг бидний гарт өгөх ёстой. Тиймээс бидний мал ч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч, Бурхан ЭЗЭНдээ үйлчлэх тул нэг ч туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртэлээ бид юугаар ЭЗЭНд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлэв. ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсанд тэр тэднийг явуулахыг хүссэнгүй. Фараон түүнд —Надаас зайл! Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил! Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно гэв. Мосе —Та зөв ярьж байна. Би нүүрийг тань дахин харахгүй гэж хэлэв.

Video for Гэтлэл 10:1-29