Естер 9:23-32

Естер 9:23-32 АБ2013

Ийнхүү иудейчүүд хийж эхэлсэн зүйлээ Мордехаин тэдэнд бичсэн ёсоор заншил болгон авав. Учир нь бүх иудейчүүдийн дайсан, агаг хүн, Хаммедатагийн хүү Хаман иудейчүүдийг хүйс тэмтрэхээр тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган хүйс тэмтрэхээр пур буюу шавга орхин шодсон билээ. Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав. Тиймээс энэ өдрүүдийг тэд пурын нэрээр Пурим гэж нэрлэв. Ингээд уг захидлын бүх үг болон энэ тухайд тэдний үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж жил бүрийн товлогдсон цаг болоод ёс журмын дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд үүнийг иудейчүүд өөрсдөдөө, үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд тогтоож, заншил болгон хүлээн авав. Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл бүхэн, аймаг болон хот бүрд дурсан санаж, тэмдэглэх ёстой байв. Пуримийн энэ өдрүүд иудейчүүдийн дундаас арчигдах ч юмуу эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй байв. Пуримийн тухай энэ хоёр дахь захидлыг батлахаар, Абихаилын охин Естер хатан ба иудей Мордехаи нар бүрэн эрх мэдэлтэйгээр бичив. Амар тайван ба үнэний үгстэй захидлууд Ахашверошийн хаант улсын зуун хорин долоон аймагт буй бүх иудей хүнд илгээгдэж, Пуримийн өдрүүдийг тогтоосон цагт нь сахих зарлигийг иудей хүн Мордехаи ба Естер хатнаас иудейчүүдэд зарлигдсан бөгөөд энэ нь мацаг барих болон гашуудах талаар өөрсдөдөө мөн үр удамдаа ёсчлон тогтоосны адил тогтоохын тулд байлаа. Ингээд Естерийн айлдлага нь Пуримийн талаарх энэ заншлуудыг баталсан бөгөөд энэ нь номд бичигдэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна