Естер 8:9-14
Естер 8:9-14 АБ2013
Тэгээд тэр цагт буюу Сиван хэмээх гуравдугаар сарын хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудаж, иудейчүүдэд Мордехаин тушаасан бүгдийн дагуу Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийн захирагчид, засаг ноёд болон ноёдод, аймаг бүрийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрийнх нь хэлээр мөн иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэв. Тэрээр хаан Ахашверошийн нэр дээр бичиж, хааны тамгат бөгжөөр лацдан, захидлуудыг хааны морьдын жүчээний хурдан хүлгүүдийг унасан зарлагуудаар илгээв. Эдгээртээ хаан, хот бүрд буй иудейчүүдийг цуглан амиа хамгаалах мөн өөрсөд уруу нь довтлох аль ч ард түмэн, аймгийн хүчит хүмүүсийг байтугай, тэдний хүүхэд багачууд, эхнэрүүдийг устгах, алах, хүйс тэмтрэх мөн тэднээс олзыг тонон дээрэмдэх эрхийг Ахашверош хааны бүх аймагт нэг өдөр буюу арван хоёрдугаар сарын (Адар сарын) арван гурав дахь өдөрт олгов. Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, иудейчүүдийг дайснуудаасаа өшөө авахад бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд тунхаглав. Хааны зарлигаар дайчлагдсан зарлагууд яаравчлан хааны хурдан хүлгүүдийг унаж гарцгаав. Суса цайзад ч зарлиг тунхаглагдав.