Естер 4

4
Естер иудейчүүдэд туслахыг зөвшөөрөв
1Мордехаи болсон бүхнийг мэдээд, хувцсаа урж өөртөө таар углан үнс цацаад хотын дундуур гарч чанга дуугаар гашуунаар уйлав. 2Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орж ирэх ёсгүй байв. 3Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүхэнд иудейчүүд ихэд гашуудан мацаг барьж, уйлалдан орилж, таар ба үнсэн дээр хэвтэцгээв. 4Естерийн шивэгчингүүд болон тайганууд ирж түүнд хэлэхэд хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи авсангүй. 5Тэгээд Естер өөрт нь үйлчлүүлэхээр хааны томилсон тайгануудаас Хатахыг дуудан ирүүлээд, түүнийг Мордехаи дээр очоод, юу болоод байгаа ба яагаад ийм юм болсныг мэдэж авахыг тушаав. 6Хатах, Мордехаи уруу, хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу очив. 7Мордехаи өөрт тохиолдсон бүхнийг мөн Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний нарийн тоог ч түүнд хэлэв. 8Мөн тэднийг устгах тухай Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлэн мэдүүлэхийн тулд Мордехаи түүнд өгч, Естерийг хаан дээр ороод түүнээс ард түмнийхээ төлөө өршөөл гуйхыг тушаав. 9Хатах буцаж ирээд Мордехаин үгийг Естерт дамжуулжээ.
10Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариу хэлэхийг Хатахад тушаан илгээв.
11Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна. 12Тэд Естерийн үгийг Мордехаид дамжуулахад 13тэр тэдэнд Естерт ийн хариул гэв.
—Хааны өргөөнд байгаа чи бүх иудей хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сана. 14Хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүдэд өөр газраас тусламж, аврал ирж, харин чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Хааны эрх дархад хүрсэн чинь энэ цагийн төлөө ч юм бил үү, хэн мэдэх вэ? 15Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариул гэж хэлэв.
16Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ. 17Ингээд Мордехаи явж өөрт нь Естерийн тушаасан ёсоор үйлдэв.

Одоогоор Сонгогдсон:

Естер 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна