Естер 3:1-11

Естер 3:1-11 АБ2013

Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов. Хаан түүний тухайд тийн зарлигдсан тул хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх түшмэд Хаманд сөхрөн мэхийв. Харин Мордехаи сөхөрсөн ч үгүй, мэхийсэн ч үгүй. Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны түшмэд, Мордехаид —Чи юунд хааны тушаалыг зөрчинө вэ? гэв. Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс Мордехаиг үгээрээ байх эсэхийг харахаар тэд түүнийг Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн гэж хэлжээ. Мордехаиг өөрт нь сөхрөх ч үгүй, мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв. Гэвч ганц Мордехаин аминд гар хүрэх нь түүнд бага санагдав. Мордехаин ард түмэн нь хэн болохыг тэд түүнд мэдүүлсэн учир Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн болох бүх иудей хүнийг хөнөөхөөр Хаман санаархав. Ахашверош хааны арван хоёрдугаар оны Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдөр өдрийн, сар сарын пур хэмээх шавгыг орхин, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов. Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм. Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгахыг зарлигдан бичигтүн. Тэгээд хааны сан хөмрөгт оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт би арван мянган талант мөнгийг тушаана гэв. Тэгэхэд хаан гараасаа тамгат бөгжөө авч, иудейчүүдийн өстөн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв. Хаан, Хаманд —Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Тааллаар тэдэнд үйлдэгтүн гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна