Естер 3

3
Иудейчүүдийг устгах хэргийг Хаман хариуцав
1Эдгээрийн дараа агаг#3:1 агаг: Израильчуудын угийн дайсан амалекчүүдийн нэгэн хааны угсааны хүн. хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов. 2Хаан түүний тухайд тийн зарлигдсан тул хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх түшмэд Хаманд сөхрөн мэхийв. Харин Мордехаи сөхөрсөн ч үгүй, мэхийсэн ч үгүй. 3Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны түшмэд, Мордехаид
—Чи юунд хааны тушаалыг зөрчинө вэ? гэв. 4Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс Мордехаиг үгээрээ байх эсэхийг харахаар тэд түүнийг Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн гэж хэлжээ. 5Мордехаиг өөрт нь сөхрөх ч үгүй, мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв. 6Гэвч ганц Мордехаин аминд гар хүрэх нь түүнд бага санагдав. Мордехаин ард түмэн нь хэн болохыг тэд түүнд мэдүүлсэн учир Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн болох бүх иудей хүнийг хөнөөхөөр Хаман санаархав. 7Ахашверош хааны арван хоёрдугаар оны Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдөр өдрийн, сар сарын пур хэмээх шавгыг орхин, Адар буюу арван хоёрдугаар сарыг шодов. 8Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв.
—Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм. 9Хэрэв хаан үүнийг таалбал, тэднийг устгахыг зарлигдан бичигтүн. Тэгээд хааны сан хөмрөгт оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт би арван мянган талант мөнгийг тушаана гэв. 10Тэгэхэд хаан гараасаа тамгат бөгжөө авч, иудейчүүдийн өстөн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв. 11Хаан, Хаманд
—Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Тааллаар тэдэнд үйлдэгтүн гэв. 12Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж, хааны тамгат бөгжөөр лацаджээ. 13Адар сар буюу арван хоёрдугаар сарын арван гуравны өдөр хөгшин залуу, хүүхэд эмэгтэйчүүд буюу бүх иудей хүнийг нэг өдрийн дотор устгаж, алж, хүйс тэмтэрч мөн тэдний эд хөрөнгийг олзлон авсугай гэсэн захидлуудыг хааны бүх аймагт зарлагуудын гараар илгээв. 14Зарлигийн хуулбарыг аймаг бүрд хууль болгон өгч, тэр өдөрт бэлтгэхийг бүх ард түмэнд тунхаглав. 15Хааны зарлигаар зарлагууд яаран гарч явцгаав. Сусагийн цайзнаа ч зарлиг гарч, хаан, Хаман нар дарс уухаар сууцгаахад Суса хот үймэв.

Одоогоор Сонгогдсон:

Естер 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү