Естер 2:10-18

Естер 2:10-18 АБ2013

Естер ард түмнээ ч, үндэс угсаагаа ч илчилсэнгүй. Учир нь тэднийг илчлэн ярьж болохгүй гэж Мордехаи түүнд захижээ. Тэгээд Естерийн амар амгаланг болон түүнд юу тохиолдож байгааг мэдэх гэж эмэгтэйчүүдийн өргөөний хашааны өмнүүр Мордехаи өдөр бүр холхидог байв. Эмэгтэйчүүдэд зориулагдсан арван хоёр сарын гоо сайхны үйлчлэл буюу миррийн тосны зургаан сар, тэгээд үнэртэн болон эмэгтэйчүүдийн оо энгэсгийн зургаан сарыг гүйцээсэн залуу эмэгтэй бүрийн, хаан Ахашверош уруу очих ээлж нь болоход залуу эмэгтэй хаан уруу ийн ордог байв. Эмэгтэйчүүдийн өргөөнөөс хааны өргөө уруу түүний авч явахыг хүссэн бүхэн нь түүнд өгөгддөг байлаа. Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэл, гар дор очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ. Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов. Ингээд Ахашверошийн хаант засгийн долдугаар оны Тебет буюу аравдугаар сард Естерийг хааны ордонд, Ахашверош хаан дээр авчрав. Хаан, Естерийг бүх эхнэрүүдээсээ илүү хайрлаж, Естер түүний нүдэнд таалал хийгээд энэрлийг бүх онгон охидоос илүү олсон тул тэрээр хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. Тэгээд хаан их найр буюу Естерийн найрыг бүх ноён болон албат нартаа зориулан хийсэн бөгөөд мөн аймгууддаа баярын өдрийг зарлан хааны заншлаар бэлэг сэлт өгөв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна