Естер 1:1-8
Естер 1:1-8 АБ2013
Энэ нь Ахашверошийн өдрүүдэд болов. Ахашверош нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийг хаанчилж байжээ. Суса цайзнаа Ахашверош хаан сэнтийдээ залран байсан тэр өдрүүдэд буюу хаанчлалынхаа гуравдугаар онд өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс, Медийн цэргийн хүчин мөн ихэс дээдэс болон аймгуудынх нь засаг ноёд өмнө нь байсанд тэрээр хаанчлалынхаа үлэмж баян чинээлгийг болон өөрийнхөө цог жавхлан, агуу сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав. Энэ өдрүүдийг дуусахад хаан Суса цайзад ихэс дээдээс эгэл дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв. Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинууд болон гантиг баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алтан, мөнгөн буйдангууд байлаа. Зүсэн бүрийн алтан сав суулгаар ууш ундаа түгээсэн бөгөөд хааны өгөөмөр хишгээс усан үзмийн дарс халгиж цалгиж байлаа. Уухыг хууль зарлигаар зөвшөөрсөн бөгөөд хязгаарлалт байсангүй. Учир нь хүн бүр тааллаараа байж болно гэж хаан ордныхоо албатуудад тогтоожээ.