Ефес 4:11-32

Ефес 4:11-32 АБ2013

Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртэлээ, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэлээ ингэх ажээ. Бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй, үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд, тэргүүн болох Түүн өөд, Христ өөд бүх талаар өсцгөөе. Хэсэг нэгбүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог. Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. Тэд ухаан бодолдоо харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хөндийрчээ. Тэд ухаанаа алдаж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. Харин та нар ийм замаар Христийг сураагүй. Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж, оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж, үнэний зөвт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс. Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм. Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг. Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ. Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. Аливаа хорсол, уур, хилэн, хашхираан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.

Ефес 4:11-32 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв