Номлогчийн үгс 9

9
Амьдралаа байгаагаар нь хүлээн ав
1Шударга ба ухаантнууд, тэдний үйлс нь мөн Бурханы гарт хэрхэн байдгийг шалгахаар энэ бүхнийг би зүрхэндээ тунгаав. Хүн өмнө нь байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ. 2Энэ нь бүгд адилхан хоосон байдаг. Зөвт ба буруут, сайн ба муу, ариун ба бузар, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь тавилан байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй билээ. 3Наран доорх бүх юмсад буюу бүгдэд нэг л хувь тавилан байдаг нь гай юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох бөлгөө. 4Үхсэн арслангаас амьд нохой дээр лугаа адил амьд байгсдад бас ч найдлага бий. 5Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ. 6Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийнэ мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.
7Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, талхаа баяртайгаар ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу! 8Цаг үргэлжид хувцас чинь цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг. 9Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралын бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний зүтгэсэн зүтгэл болон амьдралын хувь чинь болой. 10Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
11Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж. 12Хүн цагаа үл мэднэ. Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд ч хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж.
Мэргэн ухаан тэнэглэлээс илүү
13Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан. 14Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хотыг хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ. 15Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй. 16Тиймээс би “Мэргэн ухаан хүч чадлаас илүү боловч ядуу хүний мэргэн ухаан эс тоогдож, үгийг нь үл хэрэгсэнэ” хэмээн үзэв.
17Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас
Намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ.
18Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч
Ганцхан нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.

Одоогоор Сонгогдсон:

Номлогчийн үгс 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна