Номлогчийн үгс 3:1-14

Номлогчийн үгс 3:1-14 АБ2013

Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа буй. Төрөх хийгээд үхэх цаг, Тариалах хийгээд тарьснаа хураах цаг, Алах хийгээд анагаах цаг, Нураах хийгээд босгох цаг, Уйлах хийгээд инээх цаг, Гашуудах хийгээд Бүжиглэх цаг, Чулууг шидэх хийгээд цуглуулах цаг, Тэврэх хийгээд тэврэлтээс зугтах цаг, Эрж олох хийгээд алдаж асгах цаг, Хадгалах хийгээд хаях цаг, Урах хийгээд оёх цаг, Дуугүй байх хийгээд ярих цаг, Хайрлах хийгээд үзэн ядах цаг, Дайны хийгээд амар тайвны цаг байдаг ажээ. Чармайлаа гээд хөдөлмөрлөгч хүнд ямар ашиг байна вэ? Бурханаас хүний хөвгүүдэд өгсөн шаналгаат хөдөлмөрийн зовлонтойг би харсан. Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ. Хүмүүсийн хувьд амьдралдаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Түүгээр ч үл барам хүн идэж, ууж, эрхэлж буй бүхий л зүтгэлдээ сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурханы бэлэг буюу. Бурханы хийсэн болгон үүрд мөнхөд үлддэгийг би мэдлээ. Түүнд нь нэмэх буюу түүнээс нь хасах юу ч байхгүй аж. Бурхан ийн үйлдсэний учир нь хүмүүс Түүнээс эмээхийн тулд юм.