Номлогчийн үгс 2:18-26
Номлогчийн үгс 2:18-26 АБ2013
Наран доор зүтгэсэн бүх зүтгэлээ би үзэн ядав. Учир нь би тэр бүгдийг миний дараа ирэх хүнд үлдээх учиртай ажээ. Тэр ухаантай эсвэл тэнэг хүн байхыг хэн мэдэх билээ? Наран доор ухаанаа ашиглан, зүтгэсэн бүх зүтгэлийг минь тэр нэгэн эзэмших болно. Энэ мөн л хоосон. Тиймээс наран доор зүтгэсэн бүх зүтгэлээсээ болоод би сэтгэл хоёрдон эргэв. Хэн нэгэн нь ухаан зарж, мэдлэг, чадвартай зүтгээд дараа нь зүтгээгүй хүнд өөрийн хувийг өгдөг. Энэ нь мөн л хоосон бөгөөд асар муу хэрэг мөн. Наран доор зүрхээрээ хичээж зүтгэсэн бүхий л зүтгэлээсээ хүн ер нь юуг нь авах юм бэ? Учир нь хүний бүх л өдөр зовлон шаналалтай, зүтгэл нь утгагүй, шөнө ч сэтгэл оюун нь эс амрах аж. Энэ нь мөн л хоосон ажээ. Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн баяртай байж чадах вэ? Мэлмийд нь таалагдагч хүнд Тэр мэргэн ухаан, мэдлэг, баяр цэнгэлийг өгдөг ажээ. Чингэхдээ Өөрт нь таалагдагч нэгэнд өгөхийн тулд бөөгнүүлэх, цуглуулах албыг харин нүгэлтнүүдээр гүйцэлдүүлдэг байна. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.