Дэд хууль 5:1-21
Дэд хууль 5:1-21 АБ2013
Тэгээд Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Израиль аа, миний өнөөдөр та нарт сонордуулж буй зарлиг, шийдвэрүүдийг сурч мэдээд, ёсчлон дагаж мөрдөхийн тулд эдгээрийг сонсогтун! ЭЗЭН Бурхан маань Хореб ууланд бидэнтэй гэрээ байгуулсан билээ. ЭЗЭН энэ гэрээгээ бидний эцэг өвгөдтэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ. ЭЗЭН уулан дээр галын дундаас та нартай нүүр нүүрээрээ ярьсан билээ. Та нар галаас айгаад, уул өөд гарахгүй байсан учир тэр үед би ЭЗЭНий үгийг та нарт тунхаглахаар ЭЗЭН хийгээд та нарын хооронд зогсож байсан. ЭЗЭН айлдахдаа “Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан. Чи Надаас өөр бурхадтай Миний өмнө байж болохгүй. Өөртөө зориулан шүтээн бас дээр тэнгэр дэх, доор газар дахь, газрын доор усан дахь ямар нэг дүрсийг бүү хий. Тэдэнд чи бүү мөргө, бүү үйлчил. Учир нь чиний Бурхан ЭЗЭН хартай Бурхан бөгөөд Намайг үзэн ядагчдын хувьд эцгүүдийнх нь хилэнцийн шийтгэлийг гурав, дөрөв дэх үеийн хүүхдүүдэд нь хүртэл Би буулгадаг. Харин Намайг хайрлаж, Миний тушаалыг сахигчдад мянган үед нь хүртэл хайр энэрэлээ үзүүлдэг. Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино. ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи мөн чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа ирмэл хүн ямар ч ажил хийж болохгүй. Чиний зарц, шивэгчин чиний адил амрах юм. Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ. ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж, Бурхан ЭЗЭНээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдарна. Чи хүн бүү ал. Чи бүү завхайр. Чи бүү хулгайл. Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх. Чи хөршийнхөө гэр орон, газар, зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр” гэсэн билээ.