Дэд хууль 32:1-43

Дэд хууль 32:1-43 АБ2013

Тэнгэр сонсог, би ярья! Газар чагнаг, миний амнаас гарах үгсийг. Сургаал минь шиврэх бороо, Хэлэх үг минь унах шүүдэр, шинэ зүлгэн дээр буух борооны дусал, ургамал ногоон дээр орох аадар мэт билээ. ЭЗЭНий нэрийг би дуудан тунхаглана. Бидний Бурханд сүр хүчийг өгөгтүн! Хад болсон Түүний үйлс нь төгс, зам нь үнэн. Үнэний Бурхан, хуудуу үгүй Тэрээр Зөвт бөгөөд шулуун шударга билээ. Гажиж буруутсан үеийнхэн Түүний эсрэг нүгэл үйлдэн Түүний хүүхэд биш, ичгүүрт толбо болов. Харалган хийгээд мулгуу ардууд аа! Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу? Чамайг бүтээж, чамайг бий болгож, чамайг тогтоосон Тэр Эцэг чинь бус уу? Эртний өдрүүдийг санацгаа, Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа! Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө. Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө. Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед, Адамын хөвгүүдийг хуваах үед Тэрээр Израилийн хөвгүүдийн тоогоор Ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ. ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв. ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй. ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас зөгийн бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн. Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан. Гэтэл Иешурун өөхөлж, тэлчлэв. Чи өөхөлж, бүдүүрч, тэнтийв. Өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж, Өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоов. Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг өдөөж, жигшүүрт юмсаар Түүнийг гомдоожээ. Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, эцэг өвгөдийн чинь айдаггүй байсан бурхад. Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран Чамайг гаргасан Бурханыг чи мартжээ. ЭЗЭН үүнийг хараад, жигшин зэвүүцсэн билээ. Учир нь хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм. Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд тэрслүү үеийнхэн, итгэлгүй хөвгүүд. Тэд Бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн, Тэд шүтээнүүдээрээ Намайг гомдоолоо. Тиймээс Би ард түмэн бус хүмүүсээр тэднийг атаархуулж, мунхаг үндэстнээр тэднийг гомдооно. Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина. Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана. Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн Гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ. Гадаах нь сэлмэнд, доторх нь айдас хүйдэст нэрвэгдэнэ. Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө. «Би тэднийг тасчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би хэлсэн. Гэвч дайсны өдөөн хатгалгад түгшиж байна. Өстнүүд нь буруугаар ойлгож, «Бидний гар агуу, энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай” Тэд зөвлөдөггүй үндэстэн Тэдэнд мэдлэг байхгүй. Хэрвээ тэд ухаантай байсан бол үүнийг ойлгож, Өөрсдөө эцэст нь юу болохыг бодохсон! Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол, ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүйсэн бол Яахин нэг нь мянгыг хөөж, Хоёр нь түмийг зугтаалгах вэ? Дайсны хад манай Хадтай адилгүй. Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг. Усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос, Гоморрагийн талбайгаас гарсан юм. Тэдний усан үзэм нь хорын үзэм, хонгорцог нь гашуун юм. Усан үзмийн дарс нь могойн хор, наж могойн үхлийн хор юм. “Тэр нь Надад хадгалагдаж, Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу? Өшөө авалт нь Минийх. Хөл алдах тэр цагт нь Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс тэдэн уруу яарч байна” гэнэ. ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ. Тэр тэднийг хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөт хүн нэг ч үлдээгүйг харахдаа Өөрийн зарц нарыг өрөвдөнө. ЭЗЭН айлдсан нь “Тэдний бурхад хаа байна вэ? Тэдний хоргодсон хад хаа байна вэ? Тахилынх нь өөхийг хэн идэж, Ундаан өргөлүүдийнх нь дарснаас хэн уусан бэ? Тэд босож, та нарт туслаг, Тэд нуугдах газар чинь болог! Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй! Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Би мөнхөд амьд! хэмээдэг. Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина. Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.” Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа! Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, Дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмэндээ эвлэрүүллийг хийнэ гэв.