Дэд хууль 28:1-15

Дэд хууль 28:1-15 АБ2013

Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстний дээгүүр өндөрт тавина. Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал энэ бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө. Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. ЭЗЭН чиний тариа будааны агуулах, гарын чинь ажил үйл бүрд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно. ЭЗЭНий чамд өгөхөөр чиний эцэг өвгөдөд тангарагласан газар дээр чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг ЭЗЭН арвин болгоно. Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чамд тэнгэрийн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй. Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш ч, зүүн тийш ч өөр бурхдад үйлчлэхээр даган хазайж болохгүй. Хэрэв чи ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигуудыг нь дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна