Дэд хууль 23
23
Чуулганаас хөөх тухай
1Төмсгөө няцлуулсан юмуу бэлэг эрхтнээ огтлуулсан хэн ч ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.
2Хууль бус гэрлэлтээс төрсөн хэн ч, түүний арав дахь үеийнхэн хүртэл ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.
3Аммончууд, моабчууд ЭЗЭНий чуулганд орох ёсгүй. Тэдний арав дахь үеийнхэн хүртэл ЭЗЭНий чуулганд орох ёсгүй.#Нех 13:1–2 4Учир нь чамайг Египетээс гарахад замд чинь тэд талх ус барин та нарыг угтаагүй агаад чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.#Тоо 22:1–6 5Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир ЭЗЭН Бурхан чинь Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин хараалыг чиний төлөө ерөөл болгон эргүүлсэн.#Тоо 23:7—24:9 6Чи бүх өдрүүдийнхээ туршид, үүрд тэдэнд амар тайван, сайн сайхныг бүү эрэлхийл.
7Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан. 8Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно.
Ариун цэвэр, дэг жаяг, энэрэнгүйн тухай заавар
9Чи дайснуудынхаа эсрэг хуарагнахдаа аливаа ёрын муу зүйлээс сэргийл.
10Хэрэв та нарын хэн нэг нь шөнө дур тавьснаас болж бузартсан бол тэрээр хуарангаас гарч, хуарандаа эргэж орох ёсгүй. 11Харин орой болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно.
12Чи бас хуарангаас гадна бие засах газар барьж, тийшээ очиж болно. 13Чиний багаж зэвсгүүдийн дунд ухуур гадас байх ёстой. Чи гараад бие засахдаа, түүгээрээ газар ухаж, ялгадсаа эргүүлэн бул. 14ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явж байна. Та нар дундаас Тэр бузар зүйлийг олж хараад чамайг орхихгүйн тулд хуаран чинь ариун байх ёстой.
15Эзнээсээ чам уруу оргож очсон боолыг чи эзэнд нь буцааж бүү тушаа. 16Тэр боол танай аль нэгэн хотын дотроос өөртөө таатай хэмээн сонгож авсан газартаа та нар дунд чамтай хамт амьдран сууг. Түүнийг бүү дарамтал.
17Израиль охидын дунд шүтээний янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор шүтээний янхан эр байх ёсгүй.#Лев 19:29 18Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.
19Чи ах дүүдээ хүүтэй бүү зээлдүүл. Тухайлбал мөнгөний хүү, хоол хүнсний хүү зэрэг хүүлж болмоор аливаа зүйлсээ хүүтэй бүү зээлдүүл.#Гэт 22:25; Лев 25:36–37; Дх 15:7–11 20Чи гаднын хүнд хүүтэй зээлдүүлж болно, харин ах дүүгээсээ зээлийн хүү бүү нэх. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж буй газар нутаг дээр гарын чинь ажил үйл бүхнийг ивээнэ.
21Чи ЭЗЭН Бурхандаа андгай өгсөн бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно.#Тоо 30:1–16; Мт 5:33 22Хэрэв чи андгайлаагүй бол гэм нүгэлгүй байхсан. 23Чи уруулаараа гаргасан зүйлээ, ЭЗЭН Бурхандаа ам өчгөө өгсөн сайн дурын өргөл болох амлан хэлсэн зүйлээ сахин биелүүлэгтүн.
24Чи хөршийнхөө усан үзмийн цэцэрлэгт орох үедээ усан үзмээс нь дураараа, цадтал идэж болно. Харин сагсандаа нэгийг ч бүү хий.
25Чи хөршийнхөө тариан талбайд орохдоо тариан түрүүг гараараа шувтран авч болно. Харин хөршийнхөө тарианд хадуураа бүү хүргэ.
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 23: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.