Дэд хууль 16

16
Алгасалын тухай
(Гэт 12:1–20)
1Абиб сард ЭЗЭН Бурхан чинь чамайг Египетээс шөнөөр гаргаж авсан учир Абиб сарыг сахиж, ЭЗЭН Бурхандаа зориулан Алгасалыг тэмдэглэ.#Лев 23:5–8; Тоо 28:16–25 2Нэрээ тавихаар ЭЗЭНий сонгосон газарт чи ЭЗЭН Бурхандаа Алгасалын тахилыг үхэр, хонин сүргээс өргө. 3Чи үүнийг исгэсэн талхтай хольж идэж болохгүй. Харин үүнийг долоо хоногийн турш исгээгүй талх буюу зовлон зүдүүрийн талхтай хольж ид. Учир нь чи Египет нутгаас яаруу гарсан билээ. Ийнхүү чи амьдралынхаа бүхий л өдрийн туршид Египетээс гарсан тэр өдрийг санаж явах болно. 4Чиний нутаг дэвсгэр дээр долоо хоногийн турш исгэх хөрөнгө бүү харагдаг. Анхны өдрийн үдэш өргөсөн тахилын махнаас өглөө болтол юу ч бүү үлдэг. 5Алгасалын тахилыг ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй аль ч хотод өргөх ёсгүй. 6Харин ЭЗЭН Бурханы чинь нэрээ тавихаар сонгосон газарт чи Египетээс гарч явсан тэр цагт буюу үдшээр, нар шингэх үед Алгасалын тахилыг өргө. 7Чи ЭЗЭН Бурханыхаа сонгосон газарт түүнийг шарж идээд, өглөөгүүр майхан уруугаа буцаад яв. 8Чи зургаан өдрийн турш исгээгүй талх идэх ёстой. Долоо дахь өдөр нь ЭЗЭН Бурханы чинь өмнө тусгай чуулаан байх бөгөөд тэр өдөр ямар ч ажил бүү хий.
Долоо хоногуудын баяр
(Гэт 34:22; Лев 23:15–21)
9Чи өөртөө долоон долоо хоногийг тоол. Боловсорсон тарианд хадуур хүргэж эхлэх үеэс хойш долоон долоо хоногийг тоол.#Лев 23:15–21; Тоо 28:26–31 10Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө Долоо хоногуудын баярыг тэмдэглэж, ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг гарынхаа сайн дурын өргөлийн барьцыг өргө. 11ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгох газарт чи, чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, хотод чинь оршин суудаг леви, та нарын дунд байгаа ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө ЭЗЭН Бурханыхаа өмнө хөгжин баярла. 12Чи Египетэд боол байснаа санаж, эдгээр зарлигийг сахин хий.
Майхан баяр
(Лев 23:33–43)
13Та нар үтрэмээсээ мөн дарс шахуургаасаа хурааж авсны дараа Майхан баярыг долоо хоног тэмдэглэ.#Лев 23:33–36; Тоо 29:12–38 14Тэр баяраараа чи болон чиний хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, танай хотод оршин суудаг леви хүн, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэн цөмөөрөө хөөрөн баярла. 15Чи ЭЗЭНий сонгож авах газарт ЭЗЭН Бурханыхаа өмнө долоо хоног баярыг тэмдэглэ. ЭЗЭН Бурхан чинь чиний бүх бүтээгдэхүүн, гараар хийсэн аливаа ажил үйлсийг чинь ивээх учир чи сэтгэл дүүрэн баярла.
16Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй талхны баяр, Долоо хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй. 17ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр хүн бүр гарынхаа өгч чадах хэрээр өргө.
Овгийн шүүгчид ба түшмэд
18Бүх овогт, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шүүлтээр шүүх ёстой. 19Чи шүүлтийг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.#Гэт 23:6–8; Лев 19:15 20Чи амьд байж, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газрыг эзэмшихийн тулд чи зөв зүйлийг, зөвхөн зөвийг л дага.
Мөргөлийн хориг
21ЭЗЭН Бурхандаа босгох тахилын ширээний дэргэд ямар нэгэн модыг Ашерад шон болгон бүү босго.#Гэт 34:13 22Бурхан ЭЗЭНий чинь үзэн яддаг чулуун баганыг чи өөртөө бүү босго.#Лев 26:1

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 16: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна