Дэд хууль 12

12
Харь шүтээний газруудыг нураа
1Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.
2Та нарын байлдан эзлэх тэдгээр үндэстнүүдийн бурхдадаа зарагддаг байсан өндөр уул, дов толгод, аливаа саглагар модон доорх бүх л газруудыг нь бүрмөсөн устга. 3Та нар тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь яйруул, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэр газраас нэрийг нь арчин зайлуул.#Дх 7:5 4Та нар ЭЗЭН Бурханаа энэ мэтээр хүндэтгэж болохгүй. 5Харин Бурхан ЭЗЭН чинь нэрээ тавин Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч. 6Та нар шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ам өчгийн өргөл, сайн дурын өргөлөө, үхэр, бог малынхаа ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой. 7Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.
8Өнөөдөр энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв зүйтэй гэснээ хийж байгаа шиг та нар үйлдэж болохгүй. 9Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд арай ороогүй байна. 10Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулж, чи айх аюулгүй амьдрах болно. 11Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой. 12Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.
Мөргөлийн газар
13Чи харсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөхөөс болгоомжил! 14Харин танай аль нэг овгийн дотроос ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа тахиж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлдэх ёстой.
15Гэвч ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи хүссэн үедээ өөрийнхөө хотод нядалж, мах идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч гөрөөс, бугын мах иддэг шиг түүнээс идэж болно. 16Зөвхөн цус идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.#Эх 9:4; Лев 7:26–27, 17:10–14, 19:26; Дх 15:23 17Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд үхэр, бог мал сүргийнхээ ууган төл, өгсөн аливаа ам өчгийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын хандиваа хотынхоо дотор идэж болохгүй. 18Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт Бурхан ЭЗЭНийхээ өмнө хөвгүүд, охид, зарц шивэгчингүүд, хотынхоо левичүүдийн хамт үүнийг идэж, гарынхаа ажил үйл бүрийн төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ. 19Чи нутагтаа амьдран суух өдрүүдийн туршид левичүүдийг орхихоос болгоомжил.
20ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг сэтгэлдээ хүсэж, “Би мах идье” гэж хэлэхдээ сэтгэлийнхээ хүссэн зоргоор мах идэж болно. 21Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн үхэр, бог мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно. 22Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан эсвэл цэвэр хүний аль нь ч түүнээс идэж болно. 23Харин чи тууштайяа цус идэлгүй бай! Цус нь амь учраас амийг махтай нь хамт идэж болохгүй. 24Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга.#Лев 17:10–14 25Чи цус бүү ид. ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэй гэгдэх зүйлийг үйлдэх аваас чи, мөн чиний хөвгүүд сайн сайхан явах болно. 26Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, ам өчгийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч. 27Чи шатаалт тахилын мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Харин нядлах тахилынхаа цусыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь ид.
28Миний чамд тушааж буй энэ бүх үгийг чи сахин биелүүлж, сонсон дагагтун! Чи ЭЗЭН Бурханыхаа мэлмийд сайн, зөв зүйтэй зүйлийг үйлдэх аваас чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.
Шүтээн шүтлэгээс болгоомжлуулахуй
29Чиний байлдан эзлэхээр очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн чи тэднийг байлдан эзэлж, нутагт нь оршин суух үедээ 30чиний өмнө тэд устгагдсаны дараа чи өөрөө тэдэнд урхидуулан “Энэ үндэстнүүд бурхдадаа хэрхэн үйлчилж байсан бэ? Би ч мөн тэгье” гэж чи хэлэн тэдний бурхдыг сураглахаас болгоомжил! 31Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдэл бүхнийг бурхдадаа зориулан хийж, бүр хөвгүүд, охидоо ч галд шатаан бурхдадаа өргөдөг. Харин чи ЭЗЭН Бурхандаа ийн үйлдэж болохгүй. 32Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.#Дх 4:2; Илч 22:18–19

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 12: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Дэд хууль 12-д зориулсан видео