Даниел 9
9
Даниелын залбирал
1Халдеичуудын хаанчлалын хаан болсон, медечүүдийн үр удам Ахашверошийн хүү Дариусын анхдугаар онд буюу 2ноёрхлын анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Иерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.#Иер 25:11, 29:10 3Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайхаар, Түүн уруу хичээнгүйлэн хандав. 4Би Бурхан ЭЗЭНдээ залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлсэн нь
—Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрэлээ өгдөг. 5Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ. 6Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань, газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй. 7Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна. 8Эзэн минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, ноёд, эцэг өвгөдийнх маань билээ. 9Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Бурхан Эзэнд маань бий. 10Бурхан Өөрийн зарц нар эш үзүүлэгчдээр дамжуулан өмнө маань тогтоож өгсөн хууль заавраар бид алхсангүй, ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг бид дагасангүй. 11Хамаг Израиль хууль зааврыг тань зөрчин явж, дуу хоолойг тань дагалгүй эргэн холдсон. Тиймээс бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн учир Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангараг ба хараал бидний дээр буужээ. 12Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг, биднийг шүүдэг шүүгчдийн эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч үйлдэгдэж байсангүй. 13Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй. 14Тиймээс ЭЗЭН гамшгийг харсаар бидний дээрээс буулгав. Учир нь Бурхан ЭЗЭН маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй. 15Харин одоо хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган нэрээ энэ өдрийнх шиг нэр алдартай болгосон Бурхан Эзэн минь ээ, бид нүгэл үйлдэж, бурууг хийв. 16Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Иерусалим хот, ариун уулнаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Иерусалим болоод ард түмэн чинь бидний эргэн тойрны бүх улсад тохуу болов. 17Тиймээс одоо Бурхан минь, зарцынхаа залбирал, гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийнхөө төлөө нүүрнийхээ гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач. 18Бурхан минь ээ, сонороо талбиж, сонсооч! Мэлмийгээ нээж, хоосролыг маань бас нэрээр тань нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид зөвт байдлаасаа бус, харин агуу энэрлээс тань Таны өмнө гуйлтаа өргөж байна. 19Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлээ бүү хойшлуулаач. Учир нь хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.
Далан “долоо хоног”
20Би ярьж, залбирч, өөрийн ба ард түмэн Израилийнхаа нүглийг улайж, Бурханыхаа ариун уулын төлөө өөрийн Бурхан ЭЗЭНдээ гуйлтаа өргөх зуур, 21намайг залбирал дотор ярьж байтал урьдын үзэгдэл дунд миний үзсэн хүн Габриел яаран нисэж ирснээ оройны идээн тахилын үеэр надад хүрэв.#Лк 1:19,26 22Тэрээр надад заавар өгч, надтай ярин
—Даниел аа. Би чамд ухаарал болоод чадвар өгөхөөр ирсэн. 23Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр би ирлээ. Чи эрхэм нандин тул энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго. 24Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариун газрыг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног” тогтоогдсон юм. 25Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно. 26Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх Жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ. 27Тэрээр нэг долоо хоногийн дотор олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч долоо хоногийн дунд тэрээр тахилга ба идээн тахилыг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар#9:27 хоосролын бузар: Харийн түрэмгийлэгчид Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд элдэв шүтлэгийн хөрөг дүрс тавих тухай өгүүлжээ. байна гэв.#Дан 11:31, 12:11; Мт 24:15; Мк 13:14
Одоогоор Сонгогдсон:
Даниел 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.