Даниел 7:1-14

Даниел 7:1-14 АБ2013

Вавилоны хаан Белшазарын анхдугаар онд Даниел орондоо зүүд зүүдэлж, толгойдоо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн доорх зүйлсийг ярив. Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав. Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв. Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний зүрх өгөгдөв. Харагтун, нөгөө хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотроо, шүднийхээ завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв. Үүний дараа би харсаар байтал харагтун, ирвэс шиг өөр нэгэн нь нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв. Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв. Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв. Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн суудалдаа залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, Дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа. Шүүх эхлэн номууд дэлгэгдэв. Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, бие нь устгагдан дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа. Үлдсэн араатнуудын эрх мэдэл нь булаагдсан боловч цаг хугацаа иртэл тэдний амийг сунгав. Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.