Даниел 6:13-28

Даниел 6:13-28 АБ2013

Тэгэхэд тэд хаанд хариулан, —Хаантан, Иудагаас олзлогдсон хөвгүүдийн нэг Даниел, танд болон гарын үсгээ зурсан захирамжид тань анхаарал эс хандуулан өдөрт гурван удаа залбирсаар л байна гэв. Тэгтэл хаан энэ айлтгалыг сонсонгуутаа гүн уй гунигт автаж, Даниелыг аврахаар санаа шулууджээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал зүтгэв. Дараа нь тэр хүмүүс хуйвалдан хаан дээр ирээд, хаанд —Өө хаантан, Меде ба Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон захирамж буюу тогтоол өөрчилж болдоггүйг мэдсүгэй! гэв. Тэгээд хаан тушааж, тэд Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан, Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг аврах болтугай гэв. Чулуу авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон ихэс дээдсийнхээ тамган бөгжөөр түүнийг лацдав. Хаан ордон уруугаа явж, мацаг барин шөнийг өнгөрүүлж, ямар ч зугаацуулах зүйлийг авчруулсангүй, нойр нь ч хулжжээ. Ингээд хаан үүрээр, гэгээ орж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив. Тэрээр нүхэнд дөхөж очоод харууссан дуугаар Даниелд хандан хашхирч, Даниелыг дуудан —Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв. Тэгтэл Даниел, хаанд —Аяа хаантан, мөнх насалтугай! Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв. Тэгэхэд хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаав. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүнд ямар нэг гэмтэл байсангүй нь тэрээр Бурхандаа итгэснийх бөлгөө. Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ. Тэгээд Дариус хаан даян дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд бичиж, «Та нарт амар амгалан бялхах болтугай. Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна тэнд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн хэмээх зарлигийг би гаргаж байна. Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, Эрх мэдэл нь төгсгөлгүй. Тэрээр тэнгэр, газарт аварч, чөлөөлж, Гайхамшиг, тэмдгүүдийг үйлддэг. Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан» хэмээв. Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчлах үед Даниел амжилт олсоор байв.

Даниел 6:13-28 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна