Даниел 6:1-13

Даниел 6:1-13 АБ2013

Хаанчлал даяар зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв. Мөн Даниелийг оролцуулаад тэдний дээр гурван сайдыг томилжээ. Хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа. Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнстэй тул сайд, аймгийн захирагчдаас тодорч, улмаар хаан түүгээр бүхэл хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв. Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Учир нь тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайш яйш юм буюу завхрал олдсонгүй. Тэгээд тэр хүмүүс —Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүний эсрэг ямар ч шалтаг бид олохгүй нь гэж хэлэлцэв. Тэгээд энэ сайд нар ба аймгийн захирагчид хуйвалдан хаанд очиж, түүнд хэлэхдээ —Дариус хаантан, мөнх насалтугай! Хаанчлалын бүх сайд, харгалзагч ноён, аймгийн захирагч, улсын зөвлөгч, засаг ноёд хаанаас нэгэн тогтоол гаргуулж, захирамжийг чанд мөрдүүлэх талаар хэлэлцжээ. Аяа хаантан, энэ нь гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэн боловч арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм. Өө хаантан! Одоо захирамж гаргаж, Меде ба Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зуртугай гэв. Тиймээс Дариус хаан албан бичиг ба захирамж дээр гарын үсгээ зурав. Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв. Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө залбирч, гуйж байхыг олж харав. Тэгээд тэд хаанд ойртон ирж, хааны захирамжийн тухай айлтгахдаа —Өө хаантан, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд эсвэл хүнд хандан гуйсан аливаа хүнийг арслангийн нүхэнд хаях болно гэсэн захирамжид та гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд хаан хариулан —Энэ тунхаглал Меде ба Персийн хувиршгүй хууль ёсоор үнэн зүйл юм гэв. Тэгэхэд тэд хаанд хариулан, —Хаантан, Иудагаас олзлогдсон хөвгүүдийн нэг Даниел, танд болон гарын үсгээ зурсан захирамжид тань анхаарал эс хандуулан өдөрт гурван удаа залбирсаар л байна гэв.

Даниел 6:1-13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв