Даниел 5

5
Белшазарын найр
1Белшазар хаан мянган ихэс дээдэстээ зориулан их найр хийж, тэр мянгатайгаа дарс ууж байв. 2Белшазар дарсанд халаад, Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа#5:2, 5:11 Вавилоны хаан Небухаднезараас Белшазар хүртэл хэд хэдэн хаан хаанчилж байсан бөгөөд энд эцэг гэсэн нь урьдын хаан гэсэн утгатай. Мөн Набинодус гэдгийг бас ингэж нэрлэсэн байх магадлалтай. авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмсийг уулгахаар тэдгээрийг авчруулахыг тушаав. 3Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс аваачсан алтан жүнзнүүдийг авчирсанд хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмс түүгээр уув. 4Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтав.
Ханан дээрх бичээс
5Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Бичиж байгаа гарын арыг хаан харав. 6Тэгэхэд хааны зүс царай хувирч, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе суларч, өвдөг нь хоорондоо шүргэлцэн чичрэв. 7Хаан зурхайчид, халдеичууд, төлгөчдийг авчруулахаар чанга хашхирав. Хаан, Вавилоны мэргэдэд хандан
—Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв. 8Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж ч, утгыг нь хаанд тайлбарлаж ч эс чадав. 9Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь цонхийн, ихэс дээдэс нь ч тэвдлээ. 10Хаан хийгээд ихэс дээдсийн үг ярианы улмаас эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан хэлэхдээ
—Хаантан, мөнх насалтугай! Бодолдоо бүү түгш, зүс чинь бүү хувираг. 11Таны хаанчлалд ариун бурхдын#5:11, 14 эсвэл Бурханы сүнстэй нэгэн хүн бий. Эцгийн тань өдрүүдэд тэр хүнд саруул ухаан, оюун билиг ба бурхдын мэргэн ухаантай адил мэргэн ухаан байгаа нь олдсон. Небухаднезар хаан, хаан эцэг тань зурхайч, илбэчин, халдеи ба төлгөч нарын ахлагчаар томилж байсан, 12хаанаас Белтешазар гэдэг нэр хайрлагдсан тэр Даниелд ер бусын сүнс, мэдлэг, оюун билиг мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх зэрэг нь өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр тайллыг тайлбарлаж өгнө гэжээ.
Ханан дээрх бичээсийг тайлав
13Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан, Даниелд
—Хаан эцгийн минь, Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын хөвгүүдийн нэг Даниел чи мөн үү? 14Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамаас олдсон тухай би сонслоо. 15Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэн хүн, зурхайч миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж эс чадав. 16Харин чи тайллыг өгч, хэцүү асуудлыг шийдвэрлэж чаддаг тухай би өөрөө сонссон. Хэрэв чи энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлж чадвал чамд нил ягаан дээл өмсгөж, хүзүүнд чинь алтан гинж зүүлгэж, хаанчлалд гурав дахь захирагчийн эрх мэдлийг чи авах болно гэв. 17Тэгэхэд Даниел хаанд хариулан
—Бэлгүүдээ өөртөө үлдээж, шагналаа өөр нэгэнд өгөгтүн. Тийм боловч хааны төлөө би энэ бичээсийг уншиж, тайллыг нь мэдүүлж өгье. 18Аяа хаантан, Хамгийн Дээд Бурхан нь таны эцэг Небухаднезарт улс гүрэн, хэмжээлшгүй эрх мэдэл, сүр жавхлан, нэр алдрыг болон сүр хүчийг өгсөн. 19Бурханы түүнд өгсөн сүр жавхлангаас болж бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүд өмнө нь эмээн чичирч байв. Тэр хүссэнээ хороож, хүссэнээ амьд үлдээж, хүссэнээ өргөж бас хүссэнээ дорд болгодог байв. 20Харин түүний зүрх ихэмсэг болж, сүнс нь бардамнан догшрох үедээ хаан сэнтийнээсээ түлхэгдэн унасан бөгөөд сүр жавхланг нь түүнээс авч оджээ. 21Тэрээр хүмүүний хөвгүүдээс хөөгдөж, зүрх нь араатных шиг болжээ. Хамгийн Дээд Бурхан хүмүүний хаанчлалыг захирч, хүссэндээ түүнийг захируулдгийг ухаартлаа тэгсэн. Амьдрах газар нь зэрлэг илжигтэй хамт байж, түүнийг үхэр шиг өвсөөр тэжээж, бие нь тэнгэрийн шүүдэрт норсон. 22Гэтэл түүний хүү Белшазар та энэ бүгдийг мэдсэн хэрнээ зүрхээ номхтгосонгүй. 23Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй. 24Иймээс Тэрээр мөнөөх гарыг илгээж, энэ бичээсийг бичжээ. 25Бичигдсэн зүйл нь ийм байна. “МЕНЕ, МЕНЕ, ТЕКЕЛ, ПЕРСИН” 26Утга нь: “Мене” гэдэг нь Бурхан хаанчлалын тань хоногийг тоолж, түүнийг дуусгасан. 27“Текел” гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд дутав. 28“Перез” гэдэг нь хаанчлал тань хуваагдаж, медечүүд ба персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв. 29Тэгээд Белшазар тушаал буулган Даниелд нил ягаан дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэсэн бөгөөд түүнийг хаанчлалын гурав дахь эрх дархтан болсныг тунхаглав.#Эх 41:42 30Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ. 31Меде хүн Дариус жаран хоёр орчим настайдаа хаанчлалыг авсан билээ.

Одоогоор Сонгогдсон:

Даниел 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү