Колоссай 2:1-23

Колоссай 2:1-23 АБ2013

Та нарын төлөө, Лаодикт байгаа болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Түүнчлэн тэдний зүрх нь урамшиж, хайранд холбогдсоноор тэд бүрэн дүүрэн ойлголтын бүх баялгийг мөн Бурханы нууцын мэдлэг болох Христийг олж аваасай гэж хүсэж байна. Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг. Хэн ч та нарыг үнэмшилтэй үгээрээ бүү төөрөгдүүлээсэй гэсэндээ би үүнийг хэлж байна. Хэдийгээр би биеэрээ байхгүй байгаа боловч журамтайг чинь болон Христ дэх итгэлийн чинь баттайг хараад, баярлан сүнсээрээ би та нартай хамт байна. Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа, заалгаснаараа Түүнд үндэслэгдэн, байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун. Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин хорвоогийн язгуур юмс, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн. Учир нь Түүн дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог. Бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн Түүн дотор та нар төгс болгогдсон. Христийн хозлолоор махбодын биеийг тайлж, Түүн дотор та нар бас гараар үйлдээгүй хозлолыг хийлгэсэн. Ингэхдээ та нар баптисм дотор Түүнтэй хамт оршуулагдсан. Түүнийг үхэгсдээс амилуулсан Бурханы хүчинд итгэснээр баптисм дотор та нар бас Түүнтэй хамт амилуулагдав. Та нар тэрслэл ба махбодын хозлолоосоо болж үхсэн байхад, Тэр бидний тэрслэл бүхнийг уучилж, та нарыг Түүнтэй хамт амьд болгосон бөгөөд бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг арилгав. Тэр үүнийг загалмайд хадаж, замаасаа зайлуулжээ. Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов. Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм. Харин бие нь Христийнх юм. Хуурамч даруу байдалд таашаал авдаг, тэнгэрэлч нарт сүсэгтэй, үзсэн үзэгдэлээ баримтлан, махан бодын ухаанаар өөрийгөө дэмий хоосон дөвийлгөдөг хэн ч шагналыг чинь бүү булааг. Бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс тэд зуурдаггүй аж. Та нар хорвоогийн язгуур юмсын тухайд Христтэй хамт үхсэн л бол юунд хорвоод амьдраад байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, “Барьж ч, амсаж ч, хүрч ч болохгүй” гэх (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхэн) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашны үзэгдэл болоод хуурамч даруу байдал мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махбодын хүслийн эсрэг ямар ч нэмэр үгүй юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна