Колоссай 1:3-14
Колоссай 1:3-14 АБ2013
Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид залбирахдаа та нарын төлөө үргэлж талархдаг нь бид Христ Есүст итгэх итгэл болоод бүх ариун хүмүүсийн төлөөх хайрыг чинь сонссоны учир бөгөөд тэнгэрт та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайнмэдээний үнэний үгээс сонссон. Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна. Үүнийг та нар, өмнөөс маань үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас суралцсан. Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан. Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж, Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч, гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.