Колоссай 1:19-29

Колоссай 1:19-29 АБ2013

Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг. Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон. Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ. Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг. Бурханы үгийг та нарын төлөө гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм. Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм. Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна. Миний дотор хүчтэй нөлөөлөх Түүний хүч чадлаар би зүдэн зүтгэж, үүний төлөө тэмцдэг.