Колоссай 1:1-29

Колоссай 1:1-29 АБ2013

Бурханы хүслээр Есүс Христийн элч Паул болон дүү Тимотоос Колоссайд буй ариун хүмүүст буюу Христ дэх итгэлт ах дүү нарт. Бидний Эцэг Бурханаас нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид залбирахдаа та нарын төлөө үргэлж талархдаг нь бид Христ Есүст итгэх итгэл болоод бүх ариун хүмүүсийн төлөөх хайрыг чинь сонссоны учир бөгөөд тэнгэрт та нарт хадгалагдсан найдварын учир юм. Энэ найдварыг та нар урьд нь сайнмэдээний үнэний үгээс сонссон. Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг үнэн дотор сонсоод ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч адил байна. Үүнийг та нар, өмнөөс маань үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас суралцсан. Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан. Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч, гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж, Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч, гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна. Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн Түрүүнд гарсан нь мөн. Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог. Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдээс анх төрсөн нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой. Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг. Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон. Та нар итгэлд суурилагдан бат тогтож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас үл хөдлөх аваас тийм байх болой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ. Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг нь би махбоддоо нөхдөг. Бурханы үгийг та нарын төлөө гүйцэлдүүлэхийн тулд Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм. Тэрхүү нууц нь эрин ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарт буй алдрын найдвар болох Христ юм. Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна. Миний дотор хүчтэй нөлөөлөх Түүний хүч чадлаар би зүдэн зүтгэж, үүний төлөө тэмцдэг.

Колоссай 1:1-29 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв