Үйлс 8:1-25

Үйлс 8:1-25 АБ2013

Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей ба Самарийн нутгуудаар тархав. Стефаныг сүсэгтэй эрчүүд хөдөөлүүлж, түүний хойноос ихэд гашуудан уйлцгаажээ. Харин Саул айлаас айлд орж эр, эм гэлгүй баривчлан шоронд хийж чуулганыг тарамдуулж байлаа. Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Филип Самарийн хотод ирж, тэдэнд Христийг тунхаглав. Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхаарч байлаа. Учир нь бузар сүнстэй олноос тэдгээр нь чанга дуугаар хашхиран зайлж байсан юм. Саа өвчтэй болон эрэмдэг олон эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясалтай байв. Симон гэгч нэгэн эр өөрийгөө агуу нэгэн хэмээн хотод илбэ үзүүлэн, самаричуудыг урьд нь гайхшруулж байжээ. Тэд их багагүй бүгдээрээ түүнд анхаарал хандуулж, —Агуу хэмээгдэх Бурханы хүч чинь энэ л байна гэцгээдэг байж. Тэр удаан хугацааны турш тэднийг гайхшруулж байсан тул тэд түүнийг анхаардаг байжээ. Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайнмэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч баптисм хүртэж байлаа. Симон ч бас итгэсэн бөгөөд баптисм хүртээд Филипийг дагах болж, гайхамшиг болон тэмдгүүд үйлдэгдэхийг хараад, гайхаж хоцордог байв. Бурханы үгийг Самари хүлээн авсныг Иерусалим дахь элч нар сонсоод Петр, Иохан нарыг тэдэн уруу илгээв. Тэд ирж, тэдэнд Ариун Сүнсийг авахуулахын төлөө залбирчээ. Учир нь тэдний хэнд ч Ариун Сүнс хараахан буугаагүй байсан бөгөөд тэд Эзэн Есүсийн нэрээр зөвхөн баптисм хүртсэн байжээ. Тэгээд тэр хоёр тэдэн дээр гараа тавихад тэд Ариун Сүнсийг хүлээн авч байлаа. Элч нарын гар тавилтаар Ариун Сүнс өгөгдөж буйг ажигласан Симон тэр хоёрт мөнгө өгч — Энэ эрх мэдэлээ бас надад өгөөч. Тэгвэл би гараа тавьсан хүн бүрийг Ариун Сүнстэй болгоно шүү дээ гэв. Гэвч Петр түүнд —Бурханы бэлгийг чи мөнгөөр авч болно гэж санасан тул мөнгө чинь чамтай хамт мөхөг. Бурханы өмнө зүрх чинь зөв биш учир энэ үйлсэд чиний хэрэг ч, оролцоо ч байхгүй. Энэ ёр муугаа гэмшиж Эзэнд залбир. Зүрхний чинь хар санаа уучлагдаж болох юм. Учир нь хор шар, зүй бусын хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ. Симон хариуд нь —Саяны таны хэлсэн бүхэн надад бүү учраасай гэж миний төлөө та нар өөрсдөө Эзэнд залбирч өгөөч гэв. Тэд чин сэтгэлээсээ Эзэний үгийг гэрчилж тунхаглаад Иерусалимд буцсан бөгөөд мөн Самарийн олон тосгонд сайнмэдээг тунхаглав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна