Үйлс 7:30-43

Үйлс 7:30-43 АБ2013

Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа бутны дөлөн дунд тэнгэрэлч түүнд үзэгдсэн байна. Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дөхөн очтол Эзэний дуу гарч “Чиний эцэг өвөг болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэнд Мосе айдаст автан харж зүрхэлсэнгүй. Харин Эзэн түүнд “Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл. Би Египетэд байгаа ард түмнийхээ дарлагдлыг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ. “Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ?” гэж хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег бутанд үзэгдсэн тэнгэрэлчийн гараар захирагч бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн юм. Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан. Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Бурхан гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ. Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэрэлч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд илэрхийллийг тэр хүлээн авсан юм. Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн. Тийнхүү Ааронд “Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд зориулан бүтээж өг. Учир нь биднийг Египет нутгаас удирдан гаргасан хүн болох Мосед юу тохиолдсоныг бид мэдэхгүй байна” гэж байлаа. Ийнхүү тэд тэр өдрүүдэд тугал хийж, тэрхүү шүтээндээ тахил өргөн, өөрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан. Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад өргөл, тахилаа өргөн барьсан бил үү? Та нар мөн Молохын асар, [өөрсдийнхөө] Райфан бурхны од, мөргөж шүтэхээр хийсэн хөргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад тийш зайлуулах болно” гэсэн байдаг.

Үйлс 7:30-43-д зориулсан видео