Үйлс 7:17-29
Үйлс 7:17-29 АБ2013
Харин Абрахамд Бурханы амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх ард түмэн өсөж, олширч. Энэ нь Иосефыг мэдэхгүй өөр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжилсэн билээ. Тэр бидний удмынхны эсрэг заль гарган, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг өвөг дээдэст маань албадаж байсан. Энэ үед Мосе төрсөн бөгөөд тэрээр Бурханд үзэсгэлэнтэй нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ. Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, өөрийн хүү шигээ асран өсгөв. Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ. Тэгээд тэр нас дөч хүрэхэд Израилийн хөвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол зүрхийг нь эзэмдэв. Тэдний нэг шударга бусаар доромжлогдож буйг тэр хараад түүнийг хамгаалан, өнөө египетийг цохин унагаж дарлагдсан хүний өшөөг авчээ. Бурханаас түүний гараар тэдэнд аврал ирэхийг ах дүү нар нь ойлгоно гэж тэрээр бодсон авч тэд нь ойлгосонгүй. Маргааш нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн “Эрчүүд ээ, та нар чинь ах дүү байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?” гэжээ. Гэтэл хөршөө бэртээж байсан нэг нь түүнийг түлхэж, “Хэн чамайг бидний дээрх захирагч, шүүгч болгосон юм бэ? Өчигдөр чи тэр египетийг алсныхаа адил намайг алах гээ юу?” гэв. Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.