Үйлс 6:1-15

Үйлс 6:1-15 АБ2013

Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ. Тэгэхэд арван хоёр нь дагалдагчдыг дуудаж —Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгийг орхигдуулах нь бидэнд зөв зүйл биш юм. Тиймээс ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв. Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгааж, гараа тэдэн дээр тавив. Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа. Нигүүлсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа. Гэтэл «эрх чөлөөтнүүд» гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав. Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй. Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ. Тэд ард олон, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг Зөвлөлийн өмнө хүчээр авчрав. Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов. “Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход түүний царай тэнгэрэлчийн царай лугаа адил харагджээ.

Үйлс 6:1-15 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна