Үйлс 3:1-26

Үйлс 3:1-26 АБ2013

Петр, Иохан нар залбирал болдог есдүгээр цагт сүм уруу явж байв. Төрөлхийн суунги нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэрээр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ. Петр, Иохан нарыг сүмд очиход тэр тэднээс гуйлга гуйв. Петр, Иоханы хамт түүн дээр харцаа тогтоон —Наашаа хар гэв. Тэднийг юм өгөх нь гэж горьдон тэр тэднийг харав. Харин Петр түүнд —Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд —Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэлээд баруун гараас нь барьж өндийлгөсөнд түүний хөл, шагай тэр даруй хүч орж, үсрэн цэх зогсоод, алхаж эхлэв. Тэр тэдэнтэй сүмд орж, цовхчин, Бурханыг магтав. Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүн хараад, сүмийн Үзэсгэлэнт дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд тохиолдсон явдалд гайхан алмайрцгаав. Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны хэмээх танхимд цугларчээ. Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан —Израиль эрчүүд ээ! Та нар юунд нь гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч эсвэл сүсэг бишрэлээр түүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ? Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ. Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өгөхийг гуйсан ба үхэгсдээс Бурханы босгосон амийн Эхлүүлэгчийг алсан. Үүний гэрч нь бид юм. Есүсийн нэрд итгэснээр Түүний нэр та нарын харж байгаа энэ хүнийг тэнхээтэй болгосон юм. Есүсээр дамжин ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ. Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ. Өөрийнх нь Христ зовж тарчлах болно гэж бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Бурхан тийнхүү хэрэгжүүлэв. Иймээс гэмшицгээ. Гэм нүглээ үгүй болгохын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно. Бурхан ариун эш үзүүлэгчдийнхээ амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Тэрээр тэнгэрт байх учиртай юм. Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг ах дүү нарын чинь дундаас та нарын төлөө Эзэн Бурхан гаргаж ирнэ. Өөрсдөд чинь Түүний хэлэх юм бүрийг та нар сонсогтун. Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хүн бүр ард олноос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм. Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан. Та нар тэдгээр эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр газар дэлхийн бүх овог отог ерөөгдөх болно” гэж Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм. Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.

Үйлс 3:1-26-д зориулсан видео