Үйлс 28:14-31
Үйлс 28:14-31 АБ2013
Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ. Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум ба «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж, зориг оров. Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ. Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэллээ. —Ах дүү нар аа! Би ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдсан юм. Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа. Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь ард түмнийхээ эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байлаа. Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн. Учир нь Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ гэхэд тэд түүнд —Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж, таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй. Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л үүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв. Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав. Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй. Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв. —Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан эцэг өвгөдөд чинь зөв хэлсэн юм. “Энэ ард түмэнд очиж хэлтүгэй. Сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг. Иймээс Бурханы энэхүү аврал харийнханд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн. [Паул эдгээр үгсийг хэлсэнд, иудейчүүд тарах зуураа, хоорондоо үлэмж маргаж байв.] Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.