Үйлс 28:1-31

Үйлс 28:1-31 АБ2013

Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт гэж нэрлэдгийг мэдэв. Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа. Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд гарт нь зүүгдчихэв. Түүний гараас амьтан унжиж байгааг хэл харьтнууд маань хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” гэж ярьцгаажээ. Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, өөрөө яасан ч үгүй. Хүмүүс түүнийг хавдах юмуу гэнэт газар хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд эс бусын юм тохиолдохгүй байхыг хараад, бодолоо өөрчилж түүнийг бурхан байж гэж ярьж эхлэв. Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ. Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад дээр нь гар тавьж түүнийг эдгээв. Энэ явдлын дараа тэр арлынхны дундаас өвчтэй байсан бусад нь түүнд ирж, илааршиж байлаа. Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ. Тийнхүү гурван сарын дараа бид Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй, мөнөөх арал дээр өвөлжсөн, Александрын усан онгоцонд суун Сиракуст хүрч, гурав хонов. Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ. Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ. Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум ба «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж, зориг оров. Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ. Гурван хоногийн дараа тэр иудейчүүдийн тэргүүлэгчдийг дуудуулж цуглуулав. Тэднийг цугласны дараа тэр тэдэнд ингэж хэллээ. —Ах дүү нар аа! Би ард түмэн болон эцэг өвгөдийнхөө ёс заншлын эсрэг юу ч хийгээгүй атлаа ялтан болж, Иерусалимаас ромчуудын гарт тушаагдсан юм. Тэд намайг байцаан шалгаад надад үхэх ял оноох ямар ч шалтгаан байхгүй байсан тул суллан тавих хүсэлтэй байлаа. Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь ард түмнийхээ эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байлаа. Үүний учир би та бүхэнтэй уулзаж ярилцахыг хүссэн. Учир нь Израилийн найдварын төлөө би энэхүү гинжээр гинжлэгдсэн билээ гэхэд тэд түүнд —Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж, таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй. Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л үүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв. Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав. Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй. Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв. —Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан эцэг өвгөдөд чинь зөв хэлсэн юм. “Энэ ард түмэнд очиж хэлтүгэй. Сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чих нь дүлийрэн хатуурч, нүдээ аньжээ. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэнэ. Би тэднийг эдгээх байсан” гэсэн байдаг. Иймээс Бурханы энэхүү аврал харийнханд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн. [Паул эдгээр үгсийг хэлсэнд, иудейчүүд тарах зуураа, хоорондоо үлэмж маргаж байв.] Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч, өөр дээр нь ирсэн бүгдийг хүлээн авч, Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай ил шулуун, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна