Үйлс 27

27
Паул Ромын зүг
1Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн хоригдлыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв. 2Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн македони хүн Аристарх байлаа. 3Маргааш нь бид Сидонд зогсов. Паулд сайхан сэтгэл гаргаж Иули түүнийг нөхөд дээрээ очиж асруулахыг зөвшөөрөв. 4Тэндээс бид тэнгист гарч, салхи сөрж байснаас Киприйн нөмрөөр хөвөн 5Килик, Памфулын тэнгисээр дайрч, Лукийн Мурад газардав. 6Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг зуутын дарга тэндээс олж биднийг суулгалаа. 7Салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид олон хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Крэтийн нөмрөөр хөвлөө. 8Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт боомт хэмээх газар ирцгээв.
9Ийнхүү нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барих үе#27:9 мацаг барих үе: Үүнийг 9-р сарын сүүл эсвэл 10-р сарын эхээр сахидаг байсан ба энэ үеэр цаг агаар муудаж, тэнгист гарахад аюултай болдог байв. ч өнгөрсөн байлаа. Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж
10Эрчүүд ээ! Энэ аялал ер нь ачаа болоод онгоцонд төдийгүй бидний аминд ч сүйрэл, их хохиролтой гэж би үзэж байна гэв. 11Гэвч зуутын дарга Паулын хэлснээс илүүтэй онгоцны ахмад ба залуурчинд итгэмжилж байлаа. 12Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх нь тэндээс гарч, чадвал Фойник хэмээх зүүн өмнө ба зүүн хойш#27:12 эсвэл баруун өмнөд ба баруун хойш харсан Крэтийн зогсоолд хүрч, өвөлжих санаа гаргажээ.
Далайн шуурга
13Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь гэж санаад зангуугаа татаж, Крэтийн дагуу хөвөв. 14Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад 15усан онгоц сөрж чадалгүй, салхинд туугдахад хүрэв. 16Бид Клауда хэмээх нэгэн багахан арлын нөмрөөр өнгөрч явахдаа онгоцны завийг арай чүү тогтоон барьж байлаа. 17Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв. 18Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв. 19Гурав дахь өдөр нь тэд өөрсдийнхөө гараар усан онгоцныхоо тоног төхөөрөмжийг ч хаяцгаав. 20Олон өдрийн турш нар, одод ч үзэгдсэнгүй. Шуурга ч аажмаар ширүүсэж байсан тул эцэстээ бидний аврагдах горьдлого тасарлаа.
21Хүмүүс удаан хугацаагаар хоол ундгүй байв. Тэгтэл Паул тэдний дунд босож зогсоод
—Эрчүүд ээ! Та нар үгийг минь дагаж, Крэтээс хөдлөөгүй байсан бол энэ сүйрэл хохирлыг амсахгүй байх байсан. 22Одоо харин эр зоригтой байхыг би та нараас хүсье. Учир нь та нараас хэн ч амиа алдахгүй, харин усан онгоц л сүйрнэ. 23Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож, 24“Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэв. 25Иймээс эр зоригтой байцгаа, эрчүүд ээ! Яг миний хэлсний дагуу болох болно гэж би Бурханд итгэж байна. 26Харин бид ямар нэг аралд газардах хэрэгтэй гэлээ.
27Бид Адриатын тэнгисээр туугдсаар арван дөрөв дэх шөнөтэйгөө золгов. Гэтэл шөнө дунд усан цэргүүд эх газарт дөхөн явааг таамаглаад, 28тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв. 29Ингээд бид хад мөргөх вий хэмээн айж, усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн хүсэж байлаа. 30Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав. 31Паул зуутын дарга ба цэргүүдэд
—Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь 32цэргүүд завины олсыг тастаж, завинуудыг унагав.
33Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж
—Та нар өнөөдөр хүртэл хүлээсээр, хоолгүй, арван дөрвөн өдөр юу ч идэлгүй явж байна. 34Иймд та нарыг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг ч үс унахгүй гэлээ. 35Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв. 36Тэд бүгдээрээ урамшин зоригжиж бас юм идэцгээлээ. 37Усан онгоцон дээр бид бүгд хоёр зуун далан зургуулаа#27:37 ЗБ-т 275 заримд нь 76 орчим гэж байдаг. байсан юм. 38Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхэллээ.
Усан онгоц сүйрсэн нь
39Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, чадвал онгоцоо тийш нь гаргахаар шийдэв. 40Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулж, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв. 41Гэтэл тэнгисийн бэлчир газарт тэд орж, онгоцоо мөргүүлэн хайргадуулахад хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов. 42Цэргүүд ялтнуудыг сэлэн зугтаалгахгүйн тулд тэднийг алах төлөвлөгөөтэй байлаа. 43Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддагийг нь онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг, 44харин бусдыг нь банз юмуу, онгоцны хэлтэрхийг хэрэглэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.

Одоогоор Сонгогдсон:

Үйлс 27: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Үйлс 27-д зориулсан видео