Үйлс 26:12-29
Үйлс 26:12-29 АБ2013
Ийнхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл, үүрэг даалгавартайгаар Дамаск явлаа. Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас ч хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан. Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Хатгуурын өөдөөс өшиглөх нь чамд бэрх байх вий” гэж надад хэлэхийг би сонсов. Тэгээд би “Эзэн, Та хэн бэ?” гэхэд Эзэн “Чиний хавчиж буй Есүс бол Би байгаа юм. Гэвч бос, хөл дээрээ зогс. Зөвхөн Намайг олж харсны чинь төдийгүй мөн хожим чамд үзүүлэх зүйлсийн минь үйлчлэгч ба гэрчээр томилохын тулд Би чамд үзэгдлээ. Чамайг Би энэ ард түмэн, харийнхнаас чөлөөлөн аваад, тэдэнд илгээж байгаа нь тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн. Агрийп хаантан, тиймээс би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй. Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа. Ийм шалтгаанаас иудейчүүд намайг сүм дотор барьж авч алахыг оролдсон. Ийнхүү Бурханы тусламжийг хүртэн, би өдгөөг хүртэл их, багад гэрчилж зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй. Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаар ард түмэнд маань болон харийнханд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ. Паулыг өөрийгөө өмгөөлөн ийнхүү ярьж байтал Фест чанга дуугаар —Паул, чи солиорчээ. Их эрдэм ном чинь чамайг галзуу болгожээ гэхэд Паул —Эрхэмсэг Фест ээ, би солиороогүй. Харин эрүүл ухаан, үнэн үгийг тунхаглаж байна. Учир нь хаан энэ зүйлийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна. Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв. Агрийп, Паулд —Чи ч намайг төдхөн ятгаж Христитгэгч болгох нь ээ гэхэд Паул —Төдхөн ч бай, үгүй ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгд энэхүү хүлээснээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.