Үйлс 25:13-27

Үйлс 25:13-27 АБ2013

Хэдэн өдрийн дараа Агрийп хаан, Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ. Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест, Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв. —Фелик нэг хүнийг хорионд үлдээсэн юм. Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг шаардаж байв. Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэж хариулсан. Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүх суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаасан юм. Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа. Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар мөн Паулын амьд гэж нотолдог, нэгэн үхсэн хүн Есүсийн талаар санал зөрөлдсөн байв. Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэндээ би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув. Харин Паул, эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл хорионд байлга гэж тушаасан юм гэв. Агрийп хаан, Фестэд —Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр —Та маргааш түүнийг сонсох болно гэжээ. Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав. Фест —Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирсэн бүх ноёд оо! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн “Тэр цаашид амьд байх ёсгүй” гэж хашхиран надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна. Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө эзэн хаанд давж заалдана гэсэн тул түүнийг явуулахаар шийдсэн. Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө ялангуяа Агрийп хаан таны өмнө авчраад байна. Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг цохохгүй байх нь утгагүй хэрэг санагдана гэжээ.

Үйлс 25:13-27-д зориулсан видео

Үйлс 25:13-27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв