Үйлс 23:12-22
Үйлс 23:12-22 АБ2013
Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй гэж андгайлав. Энэ хуйвалдаанд дөчөөс илүү хүн оролцжээ. Тэд ахлах тахилч нар болон ахлагчид дээр очиж —Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав. Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч хэргийг нь нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв. Хуйвалдааныг мэдсэн Паулын эгчийн хүү хуаранд ирж, Паулд мэдэгджээ. Паул зуутын дарга нараас нэгийг нь дуудаж —Энэ залуу мянгатын даргад хэлэх юмтай тул хүргэж өгнө үү? гэв. Тэр түүнийг мянгатын дарга дээр дагуулж ирээд —Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг гуйсан юм гэжээ. Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад —Чи надад юу хэлэх гэв? гэж хувьчлан асуув. Тэр —Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэтээр түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэх гэж зөвшилджээ. Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв. Мянгатын дарга мөнөөх залууг явуулахдаа —Энэ тухай надад мэдэгдсэнээ хэнд ч бүү хэл гэж захижээ.