Үйлс 22:1-30

Үйлс 22:1-30 АБ2013

Эрчүүд ахан дүүс ээ, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв. Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь — Би Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелийн хөлд эцэг өвгөдийн хуулийн чандлал дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ. Би энэхүү Замд үхлийн хавчлага үзүүлэн эр, эмгүй хүлж шоронд хийж байсан. Тэргүүн тахилч ба ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж, тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа. Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал гэнэт хурц гэрэл тэнгэрээс цацарч намайг хүрээлэн авахад би газар унасан. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдлоо. “Эзэн, Та хэн бэ?” гэсэнд Тэр надад “Чиний хавчиж буй Назарын Есүс бол Би байгаа юм” гэлээ. Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ. Тэгээд би “Эзэн, би юу хийх вэ?” гэв. Эзэн надад “Бос, Дамаск яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг нь тэнд чамд хэлж өгнө” гэв. Гэвч мөнөөх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хөтлүүлэн байж Дамаскт очсон юм. Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр над уруу ирэн, дөхөж зогсоод “Саул дүү минь, хараатай бологтун” гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа. Тэр надад “Өвөг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зөвт Нэгэнийг харуулан мөн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ. Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно. Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая” гэв. Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүмд залбирч байтал хэт хөөрөлд автаж би Түүнийг харсан ба Тэр надад “Түргэл, Миний тухай гэрчлэлийг чинь тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав. Тэгэхэд нь би “Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд жанчиж, шоронд хийж байсныг тэд мэднэ. Мөн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь зогсож, сайшаан, амийг нь хөнөөгчдийн хувцсыг сахиж байсан” гэхэд Тэр надад “Яв, Би чамайг харийнхан уруу алс хол илгээнэ” гэж айлдсан гэв. Тэд энэ үг хүртэл түүнийг сонсож байлаа. Тэгснээ дуугаа өндөрсгөн —Энэ мэтийг газрын хөрснөөс арчин хая. Тэр амьд байх ёсгүй гэж хашхиралдав. Тийнхүү тэд хашхиралдангаа хувцсаа хүү татаж, агаарт шороо тоос босгон байтал мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тушааж, яагаад тэд түүн уруу ийн хашхиралдсаны учрыг олохын тулд түүнийг ташуурдаж байцаа гэв. Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад —Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга дээр очиж, түүнд —Энэ хүн чинь Ромын иргэн юм байна шүү дээ, яах вэ? гэж илтгэв. Тэгтэл мянгатын дарга Паул дээр ирээд —Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд тэр —Тийм ээ гэлээ. Мянгатын дарга —Би энэхүү иргэний эрхийг их мөнгөөр олж авсан гэхэд Паул —Харин би төрөхдөө л иргэн нь байсан гэв. Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явлаа. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг хүлсэндээ мянгатын дарга айв. Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч тэдний өмнө зогсоожээ.

Video for Үйлс 22:1-30