Үйлс 21:17-40

Үйлс 21:17-40 АБ2013

Ийнхүү Иерусалимд ирэхэд ах дүү нар биднийг баяртайгаар хүлээн авлаа. Дараа өдөр нь Паул бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байв. Амар мэндээ мэдэлцээд, харийнхан дунд үйлчлэлээр нь дамжуулан Бурхан юу үйлдсэнийг тэрээр нэг нэгээр нь ярихад, тэд үүнийг сонсоод Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд —Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л хуулийн зүтгэгчид бөгөөд тэд таны тухай таныг харийнхан дундах иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүдээ битгий хозлуул мөн ёс заншилаа бүү дага гэж сургаж байна гэж ярьж байсан. Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно. Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчиг өгсөн дөрвөн эр бий. Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө хуулийг сахин, дагадаг гэдгийг мэдэх болно. Харин итгэсэн харийнхны тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас зайлсхийх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв. Ингээд Паул мөнөөх хүмүүсийг авч, маргааш нь тэдний хамт өөрийгөө цэвэршүүлээд, сүмд орж, хэзээ цэвэршилтийн өдрүүд дуусах болон тэгээд хүн тусбүрийн төлөө тахил өргөхөө мэдэгдэв. Тэгээд бараг долоо хоног өнгөрч байтал Азиас ирсэн иудейчүүд түүнийг сүмд байхыг хараад цугласан бүгдийг үймүүлж, түүнийг барьж аваад — Израилийн эрчүүд ээ, бидэнд туслаарай! Газар сайгүй манай ард түмэн, манай хууль бас энэ газрын эсрэг сургадаг хүн чинь энэ байна. Түүнээс гадна тэр грекүүдийг сүмд оруулж, энэ ариун газрыг бузарласан гэж хашхирав. Учир нь тэд урьд нь Ефесийн харьяат Трофимыг түүнтэй хамт хотод байхыг нь хараад Паул түүнийг сүмд авчирсан гэж бодоцгоожээ. Хот бүхэлдээ хөдөлж, ард түмэн цуглан Паулыг барьж аваад сүмээс чирч гаргахад тэр даруй хаалганууд хаагдсан байлаа. Тэд түүнийг алахыг завдан байх үед Иерусалим хот тэр чигээрээ үймээн самуунд автсан гэсэн мэдээ Ромын ангийн мянгатын даргад хүрэв. Тэрээр тэр даруй цэргүүд, зуутын дарга нарыг авч тэдэн дээр гүйн хүрлээ. Хүмүүс мянгатын даргыг болон цэргүүдийг хармагцаа Паулыг жанчихаа болив. Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжээр хүлэхийг тушааж, түүний хэн болох мөн юу үйлдсэнийг нь байцаажээ. Гэвч хурсан олны дундаас зарим нь нэг зүйлийг, зарим нь ондоог хашхиралдахад чухамдаа юу болсныг үймээнээс олж мэдэж чадаагүй учир тэрээр түүнийг хуаранд аваачихыг тушаалаа. Паулыг шатан дээр гарч ирэхэд олны шахцалдааны улмаас цэргүүд түүнийг өргөж явахад хүрэв. Учир нь ард олон араас нь дагасаар —Түүнийг тонилго гэж хашхирч байлаа. Паул хуаранд орох гэж байхдаа мянгатын даргад —Би танд үг хэлж болох уу? гэхэд тэр —Та грек хэл мэддэг юм уу? Тэгвэл та саяхан үймээн дэгдээгээд дөрвөн мянган алан хядагчдыг цөл тийш дагуулан явсан египет хүн биш байх нь ээ? гэв. Харин Паул —Би Киликийн нөлөө бүхий хот Тарсын иргэн иудей хүн. Намайг ард түмэнтэй ярилцахыг зөвшөөрөөч! Би танаас гуйж байна гэжээ. Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд Паул еврей хэлээр ингэж хэллээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна